Монгол банкнаас мөнгөний бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Угтаа бол ГВАН 6 тэрбум долларт хүрсэн. Гадаад худалдаа ашигтай гарсан, төлбөрийн тэнцэл 100 гаруй сая долларын ашигтай гарсан ч суурь хүүг хэвээр үлдээж байгаа нь инфляц өсөх эрсдэл өндөр байгаа гэж үзжээ.
Мөн нүүрсний үнийн уналтаас хамаарч эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж болзошгүй гэж тооцжээ. Нүүрсний үнэ 62 доллар руу орж төсөвт тооцсоноос 40 хувиар үнэ буураад байгаа нь төсвийн тасалдлын гол шалтгаан болоод байгаа. Зэс алтны үнийн түүхэн өсөлт нь нүүрсний үнийн өсөлтийг нөхөж байгаа. Товчоор бол бодлогын нөлөөний улмаас бус дэлхийн зах зээлийн үнийн хөдөлгөөн манай эдийн засаг, төсвийг ганхуулах эрсдэл өндөр байгаа тул бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ.
2025 оны 2-р сараас хойш ийнхүү бодлогын хүү 12 хувийн түвшинд хадгалагдаж байна.Энэ нь бүх төрлийн зээлийн хүүний түвшинд төдийлөн өөрчлөлт гарахгүй гэсэн үг.
10-р сард Улсын хэмжээнд инфляц 8,2 хувьтай гарсан. Багш эмч нарын цалингийн өсөлт зэргийг хамаарч инфляцын хүлээлтийг нэмэгдүүлжээ. Нийлүүлэлтийн шинжтэй инфляц өсөх магадлалтай гэж тооцжээ.
Эдийн засаг энэ онд 5,8 ирэх онд 5,6 хувиар өсөх төлөвтэй гэж Төв банк таамаглажээ. Мөн ирэх онд ипотекийн зээлийн санхүүжилтийг зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлж явуулах аж. Одоогийн байдлаар ипотекийн зээлийн хүлээгдэл 2 жилийг дамнаад байна. Энэ эрэлт өндөр ч нийлүүлэлт хомс. Зах зээлийн хүүгээс даруй 6 хувиар бага зээлийн төлөөх өрсөлдөөн буураагүйг илтгэж байна. Ирэх онд орон сууцны тусгайлсан банк байгуулах замаар Төв банк дээрх ипотекийн зээлийн багцыг шилжүүлэх эсэх асуудал идэвхтэй яригдаж байгаа билээ.
Тэтгэврийн зээлийн санхүүжилтийг банкны заавал байлгах нөөцөөс хасаж тооцохоор болжээ. Энэ нь ахмадын тэтгэврийн зээлийн хугацааг сунгахыг төв банкнаас дэмжсэн үйлдэл болж байгаа юм. Одоо зээл авсан байгаа иргэд зээлийнхээ хугацааг сунгаж болно. Ингэхээр сард төлөх зээлийн хэмжээ бага хэмжээгээр буурах нөлөөтэй хэмээн тайлбарлалаа.
Сэтгэгдэл үлдээх