Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2022 оны цэвэр ашиг болох 1.3 их наяд төгрөгөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ээс өмнө төрсөн бүх иргэнд нэгж хувьцаанд 108.7 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваариллаа.
Тайлбарлах нь
Өмнө нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 85 хувийг төр /Эрдэнэс Тавантолгой ХК өөрөө/, 15 хувийг иргэн, ААН-үүд эзэмшдэг байсан бол 2024 оноос 73 хувийг төр, 27 хувийг иргэн, ААН эзэмшдэг болсон юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2022 оны цэвэр ашиг болох 1.3 их наяд төгрөгийн 351 тэрбумыг нь ногдол ашиг хэлбэрээр иргэн, ААН-үүдэд олгосон. Тэгвэл үлдэгдэл 949 гаруй тэрбум төгрөг төрд ногдож байна.
Төр 949 тэрбум төгрөгөөр юу хийх вэ
Засгийн газрын 47 дугаар тогтоолын дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-ийн төрд ногдох 949 гаруй тэрбум төгрөгийг Эрдэнэс Монгол ХХК, түүний нэгдлийн компаниудын хооронд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөртэй холбоотой үүссэн өр төлбөр, авлагад суутгана. Харин яг ямар өрөнд суутгах вэ гэдгийг эцэслэн шийдээгүй байна.
2023 оны ногдол ашиг яах вэ
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны цэвэр ашиг урьдчилсан байдлаар 3.2 их наяд төгрөг. Үүний 864 тэрбумыг нь ногдол ашиг хэлбэрээр иргэн, ААН-үүдэд олгоно. Нэгж хувьцааг 266.7 төгрөгөөр тооцох бөгөөд 1072 хувьцаатай иргэн 286 мянга орчим төгрөгийн ногдол ашиг авна. Харин төрд 2.3 их наяд төгрөг ногдох бөгөөд юунд зарцуулах нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл үлдээх