НИТХ-ын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, нийслэлийн 55 ерөнхий боловсролын сургуульд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолыг тогтмол уламжлал болгоод байна. Хөтөлбөрийн зорилго нь сурагчдыг эх оронч үзэлтэй, ёс зүйтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна.
А.Баяр хэлэхдээ,
“Ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний бахархлыг нэмэгдүүлэхэд олон жил анхаарч ажилласан. Эх орныхоо төлөө сэтгэлтэй зөв монгол хүүхэд л ирээдүйн хөгжлийн хүч” хэмээн онцлон, энэхүү санаачилгыг дэмжиж хэрэгжүүлсэн сургуулиудад талархал илэрхийлэв.
Төрийн далбааг мандуулах ёслолын ач холбогдлыг сурагчдад зөв тайлбарласан эсэх, түүх соёлын мэдээлэл хүргэсэн байдал, ёслолын зохион байгуулалт болон сургуулийн соёлд үзүүлсэн нөлөөг харгалзан сургуулиудад үнэлгээ хийжээ.
Үүний үр дүнд манлайлал үзүүлсэн сургуулиудад:
3 багшид байрны урьдчилгаа 20 сая төгрөг,
11 сургуульд тус бүр 5 ширхэг суурин компьютер,
10 багшид БНСУ-д туршлага солилцох эрхийн бичиг
гардуулсан байна.
Арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн, Б.Ану-Үжин, ЗХЖШ-ын бригадын генерал Д.Дугаррагчаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон бусад албаны төлөөлөл оролцов.
Одоогоор төрийн далбааг мандуулах ёслолд нийслэлийн 55 сургууль идэвхтэй хамрагдаж, нийт 754 мянган хүүхэд оролцоод байна. Багш, нийгмийн ажилтнуудын хэлснээр уг ёслол нь сурагчдад:
эх орон, түүх, өв соёлоо дээдлэх,
хариуцлагатай, хүнлэг байхын үнэ цэнийг ойлгуулах
чухал үр нөлөө үзүүлж буйг онцоллоо.
Сэтгүүлч, судлаач Г.Бадамсамбуугийн тэмдэглэснээр Монгол Улсын Төрийн далбаанд 2000 жилийн төрт улсын өнгө бэлгэдэл, эрхэмлэх зүйлс шингэсэн байдаг нь хүүхдүүдэд түүх соёлоо ойлгуулахад онцгой ач холбогдолтой аж.
“Эх оронч сурагч” хөтөлбөрийг өргөжүүлж, ойрын хугацаанд нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулийг төрийн далбаа мандуулах ёслолд хамруулах зорилттой байна.
Сэтгэгдэл үлдээх