Австрали улсын Бонди Бич далайн эргийн амралтын газарт өчигдөр буюу ням гарагт зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж, 15 хүний аминд хүрчээ. Нас барсан иргэд 10-87 насны амрагчид байжээ.
Тус халдлага 1000 гаруй хүн оролцсон еврейчүүдийн Ханнука баярыг тэмдэглэх үеэр үйлдэгдсэн юм. Цагдаа нар үүнийг террорист халдлага хэмээн үзсэнээс гадна халдлага үйлдсэн хоёр этгээдийг баривчилжээ.
Тэд аав хүү байсныг илрүүлсэн бөгөөд 50 настай аав нь цагдаа нарт буудуулж, газар дээрээ амиа алдсан бол 24 настай хүү эмнэлэгт хүргэгджээ.
Мөн цагдаагийнхан халдлагыг зохион байгуулахад гуравдагч этгээд тусалсан эсэхийг шалгаж байна. Халдлагын үеэр 42 шархадсан хүн эмнэлэгт хүргэгджээ. Ерөнхий сайд Энтони Албанез хэлэхдээ энэ хэргийг Еврейчүүдийг санаатайгаар онилж буй "бусармаг муу үйлдэл" гэжээ.
Эл үйл явдал нь тус улсад 1996 онд Порт Артурын аллагаас хойш гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага боллоо.
Түүнээс хойш Австрали улс галт зэвсэг эзэмших хуулиа чангатгасан юм. Харин 50 настай хэрэгтэн галт зэвсэг эзэмших зөвшөөрөлтэй байсныг цагдаагийнхан илрүүлжээ.
Сэтгэгдэл үлдээх