Австрали улсын Бонди далайн эргийн амралтын газарт ням гарагт гэнэтийн халдлага болсны улмаас 10-87 насны 15 гэмгүй амрагчид амиа алдсан юм.
Тус халдлага 1000 гаруй хүн оролцсон еврейчүүдийн Ханнука баярыг тэмдэглэх үеэр үйлдэгдсэн юм. Цагдаа нар үүнийг террорист халдлага хэмээн үзсэнээс гадна халдлага үйлдсэн хоёр этгээдийг баривчилжээ.
Халдлагын үеэр гэмт этгээдээс бууг нь булаан авч, хэрэгтнийг барьсан нэгэн залуугийн бичлэг түгсэнээр түүнийг “баатар” хэмээн цоллож байна. Түүний нэрийг Ахмед гэдэг бөгөөд 43 настай. Зогсоолд тавьсан машины ард нуугдаж байсан ноён Ахмед халдагч руу үсрэн гарч, түүнийг барьж чаджээ.
Жимсний дэлгүүрийн эзэн, хоёр хүүхдийн аав тэрээр гартаа сумны шарх авсан тул эмнэлэгт хүргэгдсэн талаар түүний гэр бүл мэдээллээ.
Цагдаагийнхан гэмт хэрэгтнүүдийг аав хүү байсныг илрүүлсэн бөгөөд 50 настай аав нь цагдаа нарт буудуулж, газар дээрээ амиа алдсан бол 24 настай хүү нь эмнэлэгт хүргэгджээ. Тэднийг еврейчүүдийн эсрэг бусармаг үйлдэл үйлдсэн гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Энтони Албанез хэлсэн юм.
Мөн тэрээр “Өнөөдөр бид Австраличууд бусдад туслахын тулд аюул руу гүйж байгааг олж харлаа” гэж бахархалтайгаар хэллээ. Түүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд болсон зул сарын ёслолын үеэр түүнийг магтаж, маш их хүндэлж буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл үлдээх