Данхар засаг, дампуурах эрсдэлтэй 72 мянга

Б.Энхтулга
2025-12-16

Улсын эдийн засаг 2.3 их наядаар тасрах эрсдэлд орсон энэ үед эрх баригчид татвараа төлөхгүй байгаа бизнес эрхлэгчдийг буруутгаж төлөхгүй байх шалтгааныг нь сөрөг хүчин Ардчилсан нам өгсөн хэмээн хошуугаа унжуулан зогсож байна. Гэхдээ энэ нөхцөл байдал бизнес эрхлэгчдийн ч, Ардчилсан намын ч буруу биш. Жилээс жилд томорч ирсэн төрийн алба, хэд дахин нэмэгдсэн төсвөө зөв зохицуулаагүй эрх баригчдын буруу.

Нэг хүний удаан засаглал өнгөрсөн зургаадугаар сард дуусаж нэг хүний илгээсэн шинэ дүр Засгийн газрыг тэргүүлэх болсон. Тэр хүний төрийн албыг цомхон болгоно, татварын дарамтыг үгүй хийнэ, эдийн засгийн эрх чөлөө бий болгоно, бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэх уриа юм уу, амлалт ч юм уу тэр хэдэн үг бидний чихэнд хоногшин үлджээ. Нүдэнд үзэгдэх ажил алга. Магадгүй цаг хугацаа хэрэгтэй, юу юугүй өөрчлөлтийг хийнэ гэж юу байх вэ гэх хүмүүс байгаа байх. Түүний үг хоосон байсан уу үгүй юу гэдэг нь Засгийн газраа бүрэлдүүлэхээс эхлээд л харагдсан. Цомхон төр гэх болов ч өмнөх Засгийн газраас бүх яамыг нь хэвээр үлдээж, бүх орон тоог хадгалав.

Цомхон төр хаанаас эхлэх ёстой вэ? Төрийн албыг цомхотгоно гэдэг дунд болон дундаас доод түвшний ажилчдыг ажлаас нь халах биш. Давхардсан чиг үүрэгтэй сайд, агентлагийн газрын дарга нарыг үгүй хийж, чөлөөлж байж бий болдог. Тэр давхардсан чиг үүрэгтэй яам, агентлаг дарга нарыг дагаад олон орон тоо үгүй болно. Хамгийн эхлээд яамдуудынхаа тоог багасгахаас түүний цомхон төр гэх амлалт үнэн, бодит болохыг нотлох байв. Монгол Улс өнөөдөр 16 яам, хоёр яамгүй сайдтай. Түүнийг дагасан олон арван агентлагтайгаар ажиллаж байна. Тоогоор ажил хийдэг бол сайхан болохоор хугацаа хангалттайгаас удаан өнгөрсөн.

Эрх мэдэл нь дутсан юм болов уу даа. Энэ зуунд байгаагүй том хагарлыг МАН өнгөрсөн гурван сарын хугацаанд үзсэн. Энэ их хагарлаас амь гарахын тулд албан тушаал наймаалцах энүүхэнд харагдаж байв. Тэр ч утгаараа хэн нэгийг нь халж чадахгүй, халаасанд байгаа хамтралын хэдээ хөөж болохгүй байдалд орсон биз. Гэвч Монгол гэх улс нэг намын эрхшээлээр биш нийт ард түмний эрх ашгийг хангаж байж бүрэн бүтэн оршин тогтноно гэдгийг мартаж болохгүй.

Бизнес эрхлэгчид бартаа саадаа давалгүй баярын дараа хаалгаа бүр мөсөн хааж эхлэх нь ээ. Өнөөдөр Монгол улсад татварын өртэй 72 мянган аж ахуйн нэгж байна гэх аймшигтай том тоо хэвлэлүүдээр явж эхлэв. Олж байгаа орлогынх нь талаас дээш хувийг элдэв янзын татварт татаад явчихаар Монголд бизнес эрхлэх хүн олдох уу, олдоод хийлээ ч удаан тэсэх үү. Танил талтай төрийн тендер залгидаг хэдтэй ч юу ярих вэ. Яг чин шударгаар, хүсэл зорилгоороо бизнес эрхлээд шударга татвар төлөгч байх боломж үнэхээр хүнд гэдэг үгээс илүү хүнд байгаа нь тодорхой биз.

Дүүрэг дүүргээр нь ангилан татвараа төлөхийг шахаж данс тооцоог нь хааж эхлэв. Буруу тооцоо, зарлага нь ихэдсэн Засгийн газар төсвийн орлого тасрах эрсдэлд орсон энэ үед гадуур татварын байцаагчдаа хөлийг нь эргэтэл явуулж өдөрт тэдэн компанийн татвар төлүүлэх гэсэн квот өгөөд гаргаж байгаа сурагтай. Нэгэн цагт халхын шоронг атгаж явсан Нямлхагва олон арван удаа хутгалуулж байхдаа “Одоо болно ш дээ хөгшөөн. Үхэх нь тодорхой болчихлоо” гэж хэлж байсан гэдэг. Түүн шиг бизнес эрхлэгчид хэчнээн шазуур зуугаад цааш явах гэсэн ч дампуурах нь тодорхой зам л эцсийн зогсоол дээр хүлээгээд байдаг. Гэвч за одоо сайхан болох байлгүй дээ гэсэн итгэл л тэднийг хөдөлгөж байна. Амьд үлдэж өдөрт хаалгаа хааж байгаа 10 компанийн нэг болж хувирах уу Сангийн сайд аа, Ерөнхий сайд Г.Занданшатар аа. Уг нь амьдрахын төлөө бизнес эрхэлмээр байдаг гэвч мөрөөрөө амьдармаар байвал битгий бизнес хий гэх зарчим өнөөгийн Монгол Улсад чинь үйлчлээд байна аа. Төсөв тасарсан учраас татвараа шахах биш аж ахуйн нэгжүүд яагаад татвараа төлж чадахгүй хаалгаа бариад байна вэ гэдэг гаж тогтолцоогоо эргэн нэг харах хэрэгтэй биз ээ. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe