Оюу толгойн уурхайд ОХУ-ын ашиг сонирхол буйг баталсан шүүхийн шийдвэр гарлаа

Ц.Чимэдцэеэ
2025-12-16

ОХУ-ын Калининград мужийн Арбитрын шүүх хөнгөн цагааны томоохон үйлдвэрлэгч “Русал” олон улсын ХК-ийн гаргасан 104.75 тэрбум рубль(4.63 их наяд төгрөг)-ийн нэхэмжлэлийг хангалаа.

Энэ нь металл олборлох, боловсруулах уул уурхайн дэлхийн тэргүүлэгч корпорац Рио Тинтогийн эсрэг шийдвэр.

Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах хүрээнд 2022 онд Австралийн Квинсланд мужид байрлах хамтарсан хөнгөн цагааны ислийн үйлдвэрээс Русалын эзэмшлийн 20 хувийг Рио тинто дангаар эзэмших болсноос үүдэн дээрх маргаан өрнөсөн.

Оюу толгойн бүлэг ордын 66 хувийг эзэмшдэг Оюу толгой ХХК нь Рио тинтогийн охин компани болохын хувьд уг шүүхийн маргааны  нэхэмжлэлд дурдагдсан байна.

Энэ нь шууд хариуцагчаар татагдсан гэсэн үг биш. Харин ОХУ-аас тус ордод ашиг сонирхол буй болохоо илэрхийлж, дохио өгч буй хэлбэр хэмээн ойлгож болохоор байна.

Мөн уг шүүхийн шийдвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шууд биелэх боломжтой, хувьцаа шилжүүлэх эсэхийг тогтоосон үр дагавар бүхий бус.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Русал ХК нь холбогдох улсуудын шүүхэд хандах учиртай ба дахин хэлэлцэн хүлээн авбал биелэгддэг.

Энэ талаар Рио тинто,

"Русалын ОХУ-д гаргасан нэхэмжлэл нь Австралийн шүүх аль хэдийн хууль ёсны гэж үзсэн асуудлыг дахин сөхөж буй үйлдэл. Австралийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд Австралийн хориг арга хэмжээг хууль ёсоор хэрэгжүүлсэн гэж тогтоосон. Гэсэн ч Русал үүний төлөө нөхөн төлбөр шаардаж байна” хэмээжээ.

Шүүх хаалттай хуралдсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл ил болоогүй байна. Русал уг асуудлаар тайлбар өгөхөөс татгалзсан тухай олон улсын Ройтерс агентлаг мэдээлжээ. 

Русал нь дэлхийн хөнгөн цагааны үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани бөгөөд нүүрстөрөгчийн ул мөр багатай хамгийн том хөнгөн цагаан үйлдвэрлэгч юм. Тус компанийн хөнгөн цагааны үйлдвэрлэлийн 90 гаруй хувь нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг бөгөөд инновацилаг, эрчим хүч хэмнэх технологи нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн бүх үе шатанд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулдаг хэмээн өөрсдийн веб хуудаснаа байршуулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe