Засгийн газраас ил болгосон нүүрсний 40 оффтэйк гэрээгээр манай улс юу хийсэн талаар өмнөх нийтлэлээрээ хүргэсэн.
Тэгвэл энэ удаа нүүрсний үнийг хөндөж байна.
Оффтэйк гэсэн нөхцөлөөр байгуулсан нийт нүүрсний 33.11 сая тонн бүхий 21 гэрээ буюу 78 хувь нь коксжих болон сул коксжих нүүрс байсан бол 22 хувь нь исэлдсэн нүүрс гаргахаар тохиролцсон байжээ. Коксжих нүүрс бол гангийн үйлдвэрлэлд ашигладаг, өндөр чанартай, стратегийн хувьд үнэ цэнтэй түүхий эд бол исэлдсэн нүүрс нь цахилгаан станцад ихэвчлэн ашигладаг, харьцангуй илчлэг багатай нүүрс юм.
Хамгийн өндөр дүнтэй гэрээнүүдийг 2020 онд байгуулсан бөгөөд 2023 онд Засгийн газрын шийдвэрээр эдгээр гэрээний хэрэгжилтийг зогсоосон байдаг. Энэ хугацаанд өндөр дүнтэй буюу 1.4-15 сая тонн хүртэлх нүүрс нийлүүлэх оффтэйк гэрээнүүдийн гүйцэтгэл 50-90 хувьтай байсныг харж болно.

Эдгээр гэрээ ашигтай байж чадсан уу?
Оффтэйк гэрээний дийлэнхийг Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө босгох зорилгоор хийсэн байна. Тухайлбал, хамгийн өндөр дүнтэй буюу 15.05 сая тонн нүүр нийлүүлэх гэрээг энэ зорилгоор байгуулахдаа уурхайн амнаас нүүрсээ нийлүүлэхээр тохиролцжээ. Улмаар Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн боомтын алинаар нь гаргахаас хамаараад үнийг тонн тутамд 60 болон 60.57 ам.доллар байхаар тооцсон ба гэрээний хэрэгжилт 53%-д хүрээд зогссон байна. Мөн 6 сая тоннын гэрээг дээрх төмөр замын ажилд зарцуулахаар, тонн тутмыг 60 доллароор тооцож гаргахаар гэрээ байгуулаад 52% орчимд хэрэгжээд зогсжээ.
Харин дараагийн том дүнтэй буюу 7.45 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээг Богдхан төмөр замын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан байна. Гэвч эл гэрээ 3%-тай буюу хэрэгжиж эхлээд удалгүй зогссон байна.
Хамгийн анхаарал татах зүйл бол үнэ. Эдгээр гэрээнд нэг тонн нүүрсийг ямар үнээр тооцсоныг бид шинжилж үзлээ.
Нийт 40 гэрээний 4 гэрээгээр тохиролцсон 500 мянган тонн нүүрсийг тонн тутмыг нь 9.5 ам.доллароор гэрээлжээ. Энэ нь исэлдсэн нүүрс бөгөөд хоёр төсөл нь 75 хувь хэрэгжсэн бол үлдсэн хоёр нь 20 орчим хувьтай хэрэгжсэн байна.

Исэлдсэн нүүрс 2.35 сая тонныг нийлүүлэх гэрээ хийсэн бөгөөд тонн тутмын үнийг 9.5-36 ам.доллароор тооцож гэрээнд тусгажээ.
Харин коксжих нүүрсний гэрээг дийлэнхийг 60 ам.доллароор тооцсон байна.
Нийт 42.7 сая тонн коксжих нүүрснээс
Гэвч эдгээр өндөр дүнтэй гэрээний 150 мянган тоннын гэрээ 94.6% хэрэгжсэнээс бусад нь 1-30 орчим хувь л хэрэгжээд зогссон байна. Харин 60 ам.доллароор хийсэн гэрээ 50-аас дээш хувьтай хэрэгжжээ.
Тэгвэл энэ үед коксжих нүүрсний зах зээлийн ханш https://www.sxcoal.com/-ын тооцооллоор бол 2023-2024 онд нэг тонн нь 140-190 ам.доллар байжээ. Дунджаар 150 ам.доллар гэж тооцвол Монгол Улс нэг тонн нүүрс тутмаас 85 ам.доллар олох боломжоо алдсан хэмээн барагцаалан тооцож болохоор байна. Үүнийг зөвхөн 60 ам.доллароор тооцож гаргасан 7.3 сая тонн нүүрсээр тооцоход 620 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар ойролцоогоор 2.2 их наяд төгрөг байгаа юм.
Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлийн үнийн өсөлттэй мөчлөгийн үед түүхий эдээ доогуур үнээр өгөхөөр гэрээ байгуулсан нь боломжит орлогыг алдахад хүргэсэн талаар олон улсын байгууллагууд дүгнэж байв.
Монгол бол нүүрснийхээ буянд амьдарч байгаа улс. Нийт экспортын 40-60 хувийг бүрдүүлж, төсвийн орлогын 20-30%-ийг нүүрсээрээ бүрдүүлж байгаа учраас монголчуудын хамгийн анхаарал хандуулдаг сэдэв яах аргагүй нүүрс. Сүүлийн 10 гаруй жил эдийн засагт голлосон энэ байр суурьт ирэх жилүүдэд ч тийм том өөрчлөлт гарахгүй. Тиймээс энэ асуудал үргэлж анхаарлын төвд байсаар байх болно гэдгийг Засгийн газар, эрх баригчид мартаж болохгүй. Ялангуяа, “нууц” хэмээн халхавчилж, нийтийн баялгийг шударга бусаар захиран зарцуулж, ирээдүйн боломжийг алдах эрх байхгүйг сануулъя.
Сэтгэгдэл үлдээх