Оюу толгой ХХК нэмэлт тайлбар, тодруулга хүргүүллээ

.Graph
2025-12-18

Оюу толгойн асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол 2025.12.08, 10, 12-нд боллоо.

Энэ үеэр Оюу толгой ХХК,

"Шинжээчдийн дүгнэлтүүд, сонсголд оролцсон зарим гэрчийн тайлбар, мэдүүлэгт үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй, буруу ташаа зүйл олон дурдагдсан тул нэмэлт тодруулга хүргүүлье" хэмээн хүсэлт гаргасан.

Тэгвэл дараах мэдээллийг нийтэд нээлттэй түгээжээ.

  1. “Жавхлант” /MV-15225/, “Шивээ толгой” /MV-15226/ ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөц, үнэлгээ болон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар:

“Жавхлант” болон “Шивээ толгой” тусгай зөвшөөрлийн талбай дахь нөөц нь Оюу толгой бүлэг ордын салшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Оюу Толгой ХХК /ОТ ХХК/-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай геологийн хувьд нэгэн цул, тасралтгүй үргэлжлэх зэс-алтны порфирын орд юм. Эдгээр тусгай зөвшөөрлийн талбайд хүдрийг дангаар нь олборлох техник, эдийн засгийн боломж байхгүй бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай, аюулгүй ашиглах хувилбар нь одоо байгаа Оюу толгойн гүний уурхайн дэд бүтэц дээр тулгуурлан ашиглах шийдэл юм.

Оюу толгой бүлэг ордын нөөцийг бүрэн ашиглах, улмаар хувь нийлүүлэгчдийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхээр “Жавхлант” болон “Шивээ толгой” тусгай зөвшөөрлийн талбай дахь хүдрийг олборлох ажлыг цаг алдалгүй эхлүүлэх шаардлагатай байгаа.  Олборлолтын ажил хойшлох тусам уулын ажлын төлөвлөгөө, зардлын тооцоололд сөргөөр нөлөөлж, улмаар аль аль хувь нийлүүлэгчдэд, тухайлбал Засгийн газар болон Рио Тинто компанид ногдол ашиг төлөх хугацаа хойшлох, хүртэх үр өгөөж буурах эрсдэлтэй байна. Иймд Онтре компанитай хэлэлцээ хийж гэрээний нөхцөлүүдийг сайжруулан ОТ ХХК Төлөөлөн Удирдан Зөвлөлд 2023 оны 3 дугаар сард өргөн барьсан боловч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байна.

Мөн дээрх асуудалтай холбоотойгоор дараах тодруулгуудыг хийж байна:

  • Олборлолт, хайгуул: ОТ ХХК нь Оюу толгой бүлэг ордыг сорчлон олборлохоор төлөвлөөгүй болно. Хайгуулын ажлыг Оюу толгой шиг том бүлэг ордын хэмжээнд нэг дор, бүгдийг гүйцэтгэх боломжгүй. Иймд бид хайгуулын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа бөгөөд хамгийн их судлагдсан хэсгээс эхлэн олборлолтын ажлыг явуулж байгаа билээ. Ирэх таван жилд бид “Хойд Хюго” 2-р давхар, “Өмнөд Хюго” хэсгүүдэд өрөмдлөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Дараагийн үе шатны судалгааны ажлыг “Херуга” хэсэгт хийхээр төлөвлөсөн. “Хойд Хюго” хэсгийн шинэчилсэн нөөцийн тайланг 2026 онд дуусгахаар бид ажиллаж байна.
  • Техник Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/: ОТ ХХК нь төслийн ТЭЗҮ-ийг журмын дагуу таван жил тутамд шинэчлэн боловсруулж ирсэн бөгөөд уг ТЭЗҮ-ийг 2010, 2015 онуудад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ хэлэлцэн хүлээн авсан. ОТ ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ хуулийн дагуу биелүүлж, ТЭЗҮ-ийн тодотголуудыг 2020, 2023 онуудад боловсруулан цаг хугацаанд нь ЭБМЗ-д хүргүүлж олон удаагийн уулзалтаар тодруулга, тайлбарыг хийсэн. ТЭЗҮ-ийн тодотголыг хүлээн авах эсэх нь ЭБМЗ-ийн эрх мэдлийн асуудал билээ. Өнөөдрийг хүртэл уг ажиллагаа удаашралтай явагдаж байгаа бөгөөд ОТ ХХК дангаар шийдвэрлэх боломжгүй буюу хувь нийлүүлэгчдийн хооронд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг ЭБМЗ-ийн зүгээс дүгнэлт, зөвлөмждөө дурдсан байдаг
  • ОТ Хөрөнгө Оруулалтын Гэрээний хамаарал: Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ /ХөОГ/-нд Оюу толгой бүлэг ордыг бүрдүүлдэг таван тусгай зөвшөөрлийн талбайг тусгасан байдаг. “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй “Жавхлант” болон “Шивээ толгой” тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой асуудлыг ХөОГ-ний 16.31, 15.5, 15.7.8, 15.5, 1.5 дахь заалтууд болон ХөОГ-ний хавсралтад тусгасан байдаг. Эдгээр заалтаас үзэхэд “Жавхлант”, “Шивээ толгой” тусгай зөвшөөрлийн талбайнууд нь ХөОГ-ний үйлчлэлд бүрэн хамрагдахаар байгаа болно.
  1. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү, түүний үр дагаврын талаарх асуудлаар:

Оюу толгой нь уул уурхайн мега төсөл тул орлого олж эхлэхээс өмнө их хэмжээний, ихэнх тохиолдолд олон тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалт шаарддаг. Хайгуул, төлөвлөлт, бүтээн байгуулалтын бүхий л үе шатанд тулгардаг санхүүгийн эрсдэлийг хөрөнгө оруулагч тал бүрэн хүлээдэг.

Хувь нийлүүлэгчдийн зээл нь ийм төрлийн төслүүдэд түгээмэл ашиглагддаг санхүүжилтийн хэрэгсэл бөгөөд эзэмшлийн хувиа бууруулахгүйгээр томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломж олгодог, барьцаа, баталгаа гаргаагүй, урт хугацааны зээл юм.

Зээлийн хүүгийн хувь хэмжээний хувьд Монгол Улсын гадаад өр, хувийн хэвшлийн зээл, Рио Тинтогийн өөрийнх нь санхүүжилтийн зардал болон олон улсын санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ зэрэг олон улсад нээлттэй арилжаалагддаг, богино хугацаатай бонд, зээлийн хүүтэй шууд харьцуулах нь учир дутагдалтай төдийгүй олон улсын стандартад нийцэхгүй. ОТ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувь хэмжээг харьцуулахдаа нээлтэй зах зээл дээрх санхүүжилтийн нөхцөл, эрсдэл, улс орны зээлжих зэрэглэл, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, төсөл хэрэгжүүлэх хугацаа болон салбар зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзэх учиртай билээ.

Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувь хэмжээг бууруулахаар ОТ ХХК-ийн хувьцаа эзэмшигчид буюу Засгийн газар болон Рио Тинто компанийн хооронд яриа хэлэлцээ үргэлжилж байна.

Энэ сэдвийн хүрээнд сонсголын үеэр хөндөгдсөн зарим асуудлаар дараах тодруулгыг хийж байна.

Монгол Улсын хүртэх үр өгөөж: Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан “үр өгөөж” гэх ойлголтыг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн УИХ-ын 02 дугаар тогтоол зэрэгт татвар, хураамж, төлбөр, АМНАТ, ногдол ашиг болон бусад татварын бус орлого байхаар тодорхойлсон байдаг.

Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь ОТ ХХК-ийн үр өгөөжийг тодорхойлох аргачлалд тусгагдсан байгаа. Уг аргачлалыг ОТ ХХК нь 2010 оноос хойш ТЭЗҮ-д ашиглан хувь нийлүүлэгчдийн өгөөжийг тооцож ирсэн бөгөөд хамгийн сүүлийн тооцооллоор Монгол Улсын хүртэх нийт үр өгөөж 61 хувь байна. Гадаадын хөрөнгө оруулагч 2025 оны 9 дүгээр сарын байдлаар 11 тэрбум ам.долларын хасах мөнгөн урсгалтай байгаа бол Засгийн газар ойролцоогоор 5.3 тэрбум ам.долларын нэмэх мөнгөн урсгалтай байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын зүгээс ямар нэгэн зардал гараагүй бөгөөд ямар нэгэн өр зээл байхгүй болно.

ХөОГ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа тухайд: Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (болон Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ)-г Засгийн газартай урт хугацааны хэлэлцээний үр дүнд олон нийт болон УИХ-ын хяналтын доор хийгдсэн бөгөөд Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид бүрэн нийцэж байгаа болно.

ХөОГ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний зарим зүйл заалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй байгаа тухай шинжээчийн дүгнэлттэй бид санал нийлэхгүй байна.

  1. Бусад асуудал

Сонсголын үеэр түр хорооны зарим гишүүд болон гэрчүүд ОТ ХХК, Рио Тинто болон нэр бүхий ажилтнуудын талаар үнэнд нийцэхгүй, үндэслэлгүй, ноцтой мэдэгдлийг хариуцлагагүйгээр хийсэнд бид гүнээ харамсаж байна. Эдгээр үндэслэлгүй, ноцтой мэдэгдлийг үүгээр эрс няцааж байна.

Түр хороо тайлан, санал дүгнэлтээ эцэслэхдээ асуудлыг тал бүрээс нь нягтлан, Монгол Улсын иргэдийн баримттай, үндэслэлтэй мэдээлэл авах, асуудлыг үнэн зөвөөр ойлгоход ач холбогдолтой энэхүү сонсголын үр дүнг оновчтой, тэнцвэртэй, шударга гаргахад бидний тайлбар, тодруулгыг харгалзан үзэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

Хүндэтгэсэн,

Оюу Толгой ХХК

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe