Энэ бол Чимэдийн Хүрэлбаатар. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд. 1991 онд ОХУ-ын Ленинград, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Түүний ажлын гараа ардчилалтай зэрэгцэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 33 жилийн турш төрд тасралтгүй зүтгэснийг нь харвал тэрээр жинхэнэ төрийн хар хүн ажээ.
Ч.Хүрэлбаатарыг дагаж явдаг олон асуудал бий. Тухайлбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших Хотгор шанагын уурхайн тусгай зөвшөөрлийг солонгосчуудад зарсан гэх асуудал. Уг асуудал БНСУ-ын хэвлэл мэдээллээр цацагдаж, Монголд ч нэлээд газар авсан. Тухайн үед Ч.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж байсан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хаагдаж байжээ.
Мөн түүнийг “хулгайч” хэмээн цоллодог олон хүн бий. Ялангуяа Ардчилсан намын талаас “хулгайч” хэмээн харлуулах нь сөрөг хүчний талаас дайрч болох л дайралт. Харин тэднээс илүүтэйгээр “мэргэшсэн хулгайч” хэмээн тодотгосон нь нэг намын журамт нөхөр, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр билээ. Б.Энхбаяр гишүүн УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр Ч.Хүрэлбаатар бол хуулийн хулгайг ч хийдэг, төсвийн хулгайг ч хийдэг учраас мэргэшсэн хулгайч юм хэмээн хэлж байв.
Түүнд холбогддог асуудлуудаас гадна албан үүргийнх нь талаас авч үзвэл, түүнийг Сангийн сайдын албан тушаал хашиж байхад Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орж байсан, өөрийн төрсөн нутаг, сонгогдсон тойрог болох Увс аймаг руу өндөр төсөв хуваарилж байсан, өөрөөс нь тодруулга авах гэж байсан сэтгүүлчийг чимхэж биед нь халдаж байсан зэрэг асуудлууд бий.
Ч.Хүрэлбаатарын хийсэн улс төр түүнийг үргэлж сайдын суудалд аваачдаг. С.Баярын, Сү.Батболдын, У.Хүрэлсүхийн, Л.Оюун-Эрдэнийн гээд МАН-ын үе үеийн лидерүүдийн танхимд сайд байсан нь үүнийг нотолно. Үүгээр зогсохгүй түүнийг улс төрд өөрийнхөө халааг бэлдсэн хэмээн үздэг. Тодруулбал, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Дашпүрэв нарыг түүний хүн гэлцдэг. Тэд ч ирэх сонгуульд өрсөлдөөр ажлаа өгцгөөсөн билээ.
Ийнхүү 33 жил төрд тасралтгүй зүтгэсэн, халаагаа ч үлдээж буй Ч.Хүрэлбаатарыг Graph.mn сайт #BioGraph буландаа онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх
Ч.Хүрэлбаатар 2018 онд Сангийн сайд байхдаа 320 тоот тушаал гаргасан. Ашигт малтмалын лиценз эзэмшдэг компани тусгай зөвшөөрлөө шилжүүлэхэд нөөцийн 10 хувиар бодож, татвар төлөх ёстой. Гэтэл үгүй
АТГ
Дэмжих үү?
0 0