10 жилийн ойн босгон дээрээ Grand Bull Awards 2025-ын “Шилдэг дэд бүтцийн компани” шагналыг хүртсэн Улаанбаатар Үнэт Цаасны Бирж(UBX)-ийн Гүйцэтгэх Захирал, М.Даваажаргалтай ярилцаж, 2024–2025 онд UBX дээр хийгдсэн нийт арилжааны дүн өмнөх 8 жилийн үзүүлэлтээс 13 дахин, бүртгэлтэй үнэт цаасны тоо 12 дахин өсөж, гишүүн компанийн тоо 16 хувиар нэмэгдсэн амжилтынх нь талаар хуваалцлаа.
-Улаанбаатар Үнэт Цаасны Бирж 10 жилийн ойн босгон дээрээ Grand Bull Awards 2025-ын “Шилдэг дэд бүтцийн компани” шагналыг хүртлээ. Энэ шагналын ач холбогдлыг хэрхэн үнэлж байна вэ?
-Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX) 10 жилийн ойн босгон дээрээ Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос зохион байгуулсан Grand Bull Awards 2025-аас “Шилдэг дэд бүтцийн компани” шагнал хүртсэн нь бидний хувьд онцгой ач холбогдолтой, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос итгэл, хариуцлага хүлээлгэсэн түүхэн үйл явдал боллоо.
Энэхүү шагнал нь 2015 онд 100 хувь хувийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан хувийн биржийн хувьд Монголын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэхийн төлөө тууштай, тасралтгүй хөдөлмөрлөж ирснийг бодитоор үнэлсэн явдал юм.
Энэ завшааныг ашиглан зохицуулах байгууллагууд, хөрөнгө оруулагчид, харилцагч байгууллагууд, мэргэжлийн оролцогчид болон баг хамт олондоо гүн талархал илэрхийлье.
-UBX өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар бодит ахиц, амжилтуудыг бий болгосон бэ?
-UBX сүүлийн 10 жилийн хугацаанд Монголын хөрөнгийн зах зээлийг илүү нээлттэй, өрсөлдөөнтэй болгох зорилгын хүрээнд шат дараатай өсөлт, бодит ахиц дэвшлийг тууштай бий болгож байна.
Монгол мэргэжилтнүүд олон улсын жишигт нийцсэн биржийн дүрэм, журмыг судалж, боловсруулан тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд арилжаа, тооцооны дэд бүтцийн системүүдийг дотоодын боловсон хүчнээр хөгжүүлсэн нь UBX-ийн онцлог давуу тал юм. Цаашид ч эдгээр системийг олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц, хүний нөөцийг бэхжүүлэх зорилготой ажиллаж байна.
Үүнтэй зэрэгцэн UBX нь үнэт цаас гаргагч компаниуд болон үнэт цаасны компаниудад зориулсан таатай, дэмжих хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, зах зээлд шинээр оролцогчдыг татах, үйл ажиллагааны зардал, зохицуулалтын ачааллыг оновчтой бууруулахад анхаарч ажилласан.
Тоон үзүүлэлтээр авч үзвэл, 2024–2025 онд UBX дээр хийгдсэн нийт арилжааны дүн нь өмнөх 8 жилийн арилжааны нийлбэрээс 13 дахин, бүртгэлтэй үнэт цаасны тоо 12 дахин өсөж, гишүүн компанийн тоо 16 хувиар нэмэгдсэн байна.
Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй эхлүүлж, Монголын анхны ETF-ийг амжилттай арилжаалсан. Үүнээс гадна ажлын өдрүүдэд 09:00–15:00 цагийн хооронд уртасгасан цагаар арилжаа, тооцооны үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь зах зээлийн идэвхийг бодитоор нэмэгдүүлсэн чухал алхам болсон.
-Цаашдын 10 жилд UBX Монголын хөрөнгийн зах зээлд ямар үүрэг гүйцэтгэхээр зорьж байна вэ?
-Цаашдын 10 жилд UBX нь Монголын хөрөнгийн зах зээлийн нэг гол тулгуур дэд бүтэц болж, хурдтай, уян хатан, олон улсын жишигт нийцсэн хувийн биржийн загварыг улам бэхжүүлэн хөгжүүлэх зорилготой.
Бид хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчидтой нягт хамтран ажиллаж, индекс, ETF, дериватив шинжтэй шинэ бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, дижитал шийдлийг гүнзгийрүүлэх, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төвлөрч ажиллана.
Ийнхүү UBX-ийн хөгжил нь Монголын хөрөнгийн зах зээлийг олон тулгуурт, өрсөлдөөнтэй, тогтвортой бүтэц рүү шилжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Сэтгэгдэл үлдээх