Оюу толгойн хяналтын хороо өнөөдөр 13.00 цагаас хуралдаж, тайлан, санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэцэхээр намрын чуулганы хуралдааны товд төлөвлөжээ.
Тус хорооноос боловсруулсан Засгийн газарт тодорхой үүрэг, чиглэл даалгах бүхий Улсын Их Хурлын тогтоолын төсөлд дараах зүйлсийг тусгасан байна.
Оюу толгойн ордын талбайн хил заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягтлах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах асуудлыг тусгажээ.
Мөн ашиглалтын үйл ажиллагаанд Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох санал боловсруулах үүрэг өгсөн байна.
Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн хэрэгжилтийг харилцан дүгнэж, алдагдсан боломжийн өртгийг тооцоолон дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг мөн хөнджээ. Түүнчлэн хувь нийлүүлэгч болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хэмжээг зах зээлийн жишигт нийцүүлэн бодитоор бууруулах чиглэл өгсөн байна.
Тогтоолын төслийн онцлох заалтаар Монголын талын хүртэх үр өгөөж 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, “Оюу толгой” ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах, уг хувь хэмжээг 5 жил тутамд харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлэхээр тусгасан байна.
Засгийн газар дээрх арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явцыг улирал тутам УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд нээлттэй танилцуулж, үр дүнг 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлүүлэх үүрэг хүлээхээр тусгажээ.
Тогтоолын хэрэгжилтэд Эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллах юм.
Сэтгэгдэл үлдээх