Засгийн газраас оруулж ирсэн дэд сайдуудын асуудал хаврын хуурай шар өвс рүү чүдэнз зураад хаяж байгаа юм шиг л түймэр дэгдээж байна. Бензин тасалдаж, татвараа дийлэхгүй дампуурах эрсдэлтэй аж ахуйн нэгжүүд, инфляц өдрөөс өдөрт өсөж худалдан авах чадвар муудаж байгаа иргэд. Ийм нөхцөлд дэд сайд оруулж ирдэг асуудлыг яаж ч сэтгээд зөвтгөж чадахгүй шийдвэр. Тэгээд ч 2026 оны төсөвт дэд сайдуудын цалингийн болон урсгал зардал тусгагдаагүй. Угаас төсөв нь 2-3 их наядаар тасрах эрсдэлтэй байгаа. Мөнгөгүй болсон төр зарим нэг татвар төлөгч томоохон компаниудаас бүр татвараа урьдчилж төлөөч гээд гуйж байгаа гэх. Гэтэл ингэж улайм цайм гүрийн байж дэд сайд томилж байгаа нь хууль дагах биш цаанаа улс төртэй байх магадлал өндөр юм.
Цаг үеэ мэдрээгүй томилгоо...
9-р сарын 15-нд намрын чуулган эхэлснээс хойш эрх баригч Монгол Ардын нам дорвитой шийдвэр гаргаагүй зөвхөн сандал суудлын зөрчил, томилгоо л хийсэн. Нэг мэдсэн гурван сар өнгөрчихсөн. За дотоод зөрчил нь нэг талдаа гараад одоо л нэг улсын ажил руу орох нь уу гэсэн чинь дэд сайдуудыг хэдхэн хоногийн дотор оруулж ирээд томилчихлоо. Ардчилсан намаас дэд сайдуудын томилгоогоо буцааж тат гээд орох үед Ерөнхий сайд Г.Занданшатар “Хуульдаа дэд сайдтай байна гээд заагаад өгчихсөн. Тийм учраас хуулиа дагаж байна” гэж хэлээд сууж байх жишээтэй. Ардчилсан намыг доромжлоод байгаа юм болов уу, ард түмнээ доромжлоод байгаа юм болов уу? хэмээн гайхах хүмүүс цөөнгүй. Энэ томилгоо Г.Занданшатар их зөрчилдөөний үед дэмжлэг авах гээд амласан албан тушаал нь, эсвэл түүний удирдлага Ерөнхийлөгчийн тушаал байх магадлалтай. Бусдаар байдал хэцүү байгааг эрх биш мэдэж байгаа тэд гал руу үсэрч орохгүй нь ойлгомжтой. Цаг үеэ мэдрээгүй томилгоог ямар ухаантан нь сэдэж олов...
“72 мянган аж ахуйн нэгж татвараа дийлэхгүй түүнээс 20 мянга гаруй нь дампуурах эрсдэлтэй” гээд статистик хэлээд хэлээд байна Ерөнхий сайд аа.
Татвараа төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн дансыг битүүмжлээд, царцаагаад эхэлжээ. Дансаа хаалгасан аж ахуйн нэгж татвараа яаж төлөх вэ. Төсвийг бүрдүүлдэг энэ аж ахуйн нэгжүүдээ яах вэ гэж бодох биш дэд сайд томилоод сууж байгаа Засгийн газрын тэргүүн нэг мөсөн нугасыг нь тас ш..я гэж бодсон байж болох уу?
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Дэд сайдууд туслах, жолоочгүй ажиллана. Дэд сайдуудыг томилсноор 28 тэрбум төгрөг хэмнэж байгаа”
Бүтээмжийн менежерүүдийг чөлөөлж оронд нь дэд сайдуудыг оруулж ирснээр 28 тэрбум төгрөгийг манай улс хэмнэх гэж байгаа гэх. Тэгвэл дэд сайдуудаа ч гэсэн томилохоо болиод дахиад 28 тэрбум төгрөгөө хэмнэж яагаад болохгүй гэж. Улсын эдийн засаг хэцүүхэн байгаа гэдгийг судлаачид, сөрөг хүчин бүр эрх баригчид өөрсдөө ч хэлээд байгаа. Гэвч тэдний зорилго хэмнэх биш. Хэмнэж байгаа мэт дүр эсгэж намын нөхдөдөө өрөө төлж, улс төрийн дараагийн шат руу ахих гишгүүрийг нь бэлдэж өгч байгаа гэдэг нь энэ үйл явцаас харагдаж байна.
Олны хэл ам дагуулсан дэд сайдуудыг цөөлөх талаар яригдаж эхлэв...
Ардчилсан нам энэ цэг үед сөрөг хүчин шиг ажиллаж дэд сайдуудын томилгоог буцааж, цомхон төртэй болохгүй бол Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барина хэмээн хэдэн өдөр айлгасан. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар илжиг шиг зөрүүдэлсээр байгаа. Харин өнөөдөр байдал улам хурцдаж ордны гадна жагсаал өрнөж, ордон дотор Ардчилсан намын дарга бид 42 суудалтай. Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барихад хэрэгтэй 32 гишүүнээс даруй 10 гишүүн илүү байна. Ядах юм байхгүй шүү хэмээн айлгаснаар нэг юм бодож эхэлсэн бололтой. Улмаар МАН-ынхан дэд сайдуудыг цөөлөх талаар ярилцаж эхэлжээ. Ингэхдээ давхардсан чиг үүрэг бүхий зарим яамдуудын дэд сайдуудыг буцааж татах яриа явагдаж байгаа сурагтай. Гэхдээ Ардчилсан намын шаардлага бүгдийг нь гэсэн байгаа гэдгийг мартаж болохгүй. Гурвыг нь болиулаад үлдсэнийг нь байлга гээгүй. Хэрвээ тийм шийдвэр гарвал арай ч уярчихгүй байлгүй дээ.
Дэд сайдуудын асуудал Л.Оюун-Эрдэнийн засгийн үед ч яригдаж байсан...
Дэд сайд томилох асуудал монголын мега хадны мангаа болчхоод байгаа Л.Оюун-Эрдэнийн үед ч яригдаж байсан. Бүр зарим яамдад тодорхой хэдэн хүний нэр яригдаж ч байлаа. Гэхдээ тухайн үед хэл амнаас айгаад томилж зүрхлээгүй. Мөн өөрөө дэд сайдгүй ажиллана гээд амлалт өгчихсөн болохоор арай ч томилчхоогүй. Тэгэхлээр эдгээр хүмүүсийн зарим нь дотроо оны өмнөөс л дэд сайд болчихсон явж байсан гэсэн үг. Даан ч их зүтгүүллээ дээ. Л.Оюун-Эрдэнээс долоон дор байна гэж байх уу?
Ард түмний амьдрал үнэхээр хэцүү халаас нь хоосорч байна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатарт болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал нарт яаж ойлгуулах вэ? Яаж хэлбэл тэд ойлгох вэ?
Сэтгэгдэл үлдээх
yostoi buu med, ted ug ni medej l baigaa
zochin
Дэмжих үү?
1 0