Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн тавдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Эрдэмтдийн зөвлөлөөс 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас хагас коксон түлшинд шилжихэд анхаарах асуудлын талаар Тавантолгой түлш ХХК-д өгсөн зөвлөмжийн хэрэгжилт болон Улаанбаатар хотын агаарын чанарын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна.
Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат:
Хагас коксон түлшийг арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 100 хувь борлуулж байна. Мөн түлшний тээвэр, татан авалт, нөөц бүрдүүлэлт, түгээлт, борлуулалт хэвийн байгааг онцоллоо. Хагас коксон түлшний чанарт олон улсын болон дотоодын итгэмжлэгдсэн гурван лабораториор давхар хяналт тавьж буйг хуралдаанд танилцууллаа.
Цаг уур орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат:
Агаар бохирдуулагч гол бодисуудын 2025 оны сүүлийн улирлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан танилцуулсан. Тодруулбал, хүхэрлэг хий 2024 оны 12 дугаар сард 108 мкг/м3 байсан бол 2025 оны 12 дугаар сард 49 мкг/м3 болж, 55 хувиар буурчээ. Мөн PM2.5 болон PM10 тоосонцор 22-25 хувиар, азотын давхар исэл 2 хувиар буурсан байна.
Эрдэмтдийн зөвлөл Улаанбаатар хотын хэрэглээнд хагас коксон түлшийг нэвтрүүлснээр агаар бохирдуулагч гол бодисуудын агууламж тодорхой хувиар буурч, зохих үр дүнд хүрснийг онцолж, цаашид хагас коксон түлшийг дотоодод үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг зөвлөлөө.
Сэтгэгдэл үлдээх