Сүүлийн өдрүүдэд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор “гэр бүлээс гадуурх харилцаанд орвол торгоно”, “хуурсан хүнд сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр эрчимтэй тархаж, иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж байна. Гэвч өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн баригдсан хуулийн төсөлд ийм зохицуулалт шууд утгаараа тусгагдаагүй гэдгийг албаны хүмүүс болон хуулийн төслийн агуулга тодорхой харуулж байна.
Юуны өмнө, хуулийн төсөлд “гэр бүлээс гадуурх харилцаанд орсон хүнийг торгох” гэсэн заалт байхгүй. Хууль зүйн сайд ч энэ асуудлаар “ийм зохицуулалт төсөлд байхгүй” хэмээн олон нийтэд мэдэгдсэн. Олон нийтийн бухимдлыг төрүүлсэн “торгуулийн заалт” нь үнэн хэрэгтээ хүүхдийн эрхийг хамгаалах, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой шинэ зохицуулалт юм.
Шинэчлэлийн гол цөм: Хүүхдийн эрх
Шинэчилсэн найруулгын хамгийн том өөрчлөлт бол хүүхдийн ашиг сонирхлыг гэр бүлийн маргааны төвд тавьсан явдал юм. Шүүх гэрлэлт цуцлахдаа цаашид зөвхөн гэрлэлтийг дуусгавар болгоод орхихгүй, харин:
хүүхдийн асрамж,
эцэг эхтэйгээ уулзах эрх,
тэтгэлэг, нэмэлт зардал,
боловсролын зардлын зохицуулалтыг заавал шийдвэрлэдэг болохоор тусгасан.
Хэрэв шүүхийн шийдвэрээр хүүхэдтэй уулзах эрхтэй эцэг, эхийг уулзуулахгүй саад хийвэл тухайн этгээдэд зөрчлийн хариуцлага, түүний дотор торгууль ногдуулах зохицуулалт тусгагджээ. Өөрөөр хэлбэл, торгууль нь “хуурсан хүнийг” бус, хүүхдийн эрхийг зөрчсөн этгээдийг чиглэж байна.
Эд хөрөнгийн маргаантай холбоотой зохицуулалт
Төслийн хүрээнд гэрлэлт цуцлах үед эд хөрөнгө хуваарилахдаа гэрлэлтийн задаргаанд хэний буруутай үйлдэл илүү нөлөөлсөн бэ гэдгийг харгалзан үзэх боломжийг өргөжүүлсэн. Үүнд гэр бүлээс гадуурх харилцаа ч орж болох ч энэ нь эд хөрөнгийн маргаанд нөлөөлөх зохицуулалт болохоос шууд “ял, торгууль” ногдуулах тухай заалт биш юм.
Сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх боломж хууль зүйн хүрээнд нээгдэж байгаа ч түүний хэмжээ, үнэлгээ, нотлох шалгуурын нарийвчилсан аргачлал одоогоор тусгагдаагүй бөгөөд цаашид боловсронгуй болгох шаардлагатай хэвээр байна.
Хамтран амьдрагчид ба хүүхдийн өмч
Шинэ төсөлд тодорхой нөхцөлийг хангасан (урт хугацаанд хамт амьдарсан, өөр хүнтэй гэрлээгүй, нэг хаягт амьдарсан гэх мэт) хамтран амьдрагчдыг зарим эрх, үүргийн хувьд гэрлэсэнтэй адилтган үзэх зохицуулалт орж иржээ. Мөн хүүхдийн нэр дээрх эд хөрөнгийг эцэг эх дур мэдэн зарцуулахгүй, хүүхдийн ашиг сонирхолд зориулж захиран зарцуулах, зөрчсөн тохиолдолд насанд хүрсний дараа нэхэмжлэх эрхтэй болохоор тусгасан нь анхаарал татаж байна.
Гэр бүлийн шүүх
Гэр бүлийн маргааныг тусгайлсан, мэргэшсэн шүүхээр шийдвэрлэх реформ эхлүүлж буй нь хүүхдийн сэтгэл зүй, гэр бүлийн эмзэг харилцаанд илүү нийцсэн орчныг бүрдүүлэх зорилготой. Гэхдээ энэхүү реформ нь их хэмжээний төсөв, хүний нөөц шаардсан томоохон өөрчлөлт болох нь тодорхой.
Олон нийтийн дунд тархаад буй “хуурсан хүнийг торгоно” гэх ойлголт нь төслийн бодит агуулгатай нийцэхгүй бөгөөд хууль батлагдах хүртэл хэлэлцүүлгийн явцад тодорхой заалтууд өөрчлөгдөх боломж нээлттэй хэвээр байна.
Сэтгэгдэл үлдээх