1784 байгууллагыг түүвэрлэн хамруулан, нийт 91.1 тэрбум төгрөгийн 416 зөрчил илрүүлжээ

.Graph
2025-12-24

ТБХ: Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайланг сонсож, хэлэлцэв. Аудитын дүгнэлтээр нэгд, төсвийн төлөвлөлт нь бодлогын зорилго, хөтөлбөрийн үр дүнтэй уялдаагүй, зардлын зориулалт, хуваарилалт богино хугацааны хэрэгцээ, уламжлалт арга барилд суурилсан хэвээр байна. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд хөгжлийн нэгдсэн төлөвлөлтийг 4 түвшинд боловсруулахаар зааснаас өөрөөр үр дүнд суурилж төсөвлөх, гүйцэтгэлийн, хяналт-шинжилгээ үнэлгээний болоод удирдлагын мэдээлэл, шийдвэр дэмжих систем зэрэг бусад тогтолцоо бүрэн бүрдээгүй; 

Хоёрт, хөтөлбөрийн өртгийг тооцох зардлын норм, нормативт хэмжээг тооцоолж, баталгаажуулаагүй нь бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх санхүүгийн нөөцийг төлөвлөх боломжгүй болгож, хэрэгжилт удаашрах, өртөг нэмэгдэх шалтгаан болж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг тодорхойлох ёстой ч олонх нь нөхцөл байдлын шинжилгээ, судалгаанд суурилаагүй, хэмжигдэхүйц байдлаар тодорхойлж чадаагүй, шалгуур үзүүлэлтийг хангасан жишиг хөтөлбөргүй байна;

Гуравт, Засгийн газрын бүтцийг хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиг үүрэгт нийцүүлэн зохион байгуулаагүй, төрийн эрх мэдлийг өргөжүүлэх үүднээс бүх асуудлыг шийдэх гэж хичээн, эхэлснээ дуусгалгүйгээр нэгэн зэрэг олон төсөл санхүүжүүлэхээр төлөвлөж, төсвийг үр ашиггүй байдлаар төлөвлөсөн хэвээр байна;

Дөрөвт, хөгжлийн бодлого, төсвийн төлөвлөлтөд оролцогч бүх талуудыг нэгтгэн, мэдээллээр хангах, удирдах цогц мэдээллийн систем үүсээгүй нь үр нөлөөтэй хяналтын болон хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх боломжийг бууруулж, үнэлгээ нь зөвхөн бодлогын баримт бичигт оноо өгөх төдийхнөөр хязгаарлагдаж байна.

Аудитаар үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжих үйл явц богино хугацаанд хэрэгжих боломжгүй байгааг харгалзан үе шаттай шилжих, бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс эхний ээлжинд Улсын Их Хуралд гурван асуудал толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 3, Эдийн засаг, хөгжлийн сайдад 2, Сангийн сайдад 2, Үндэсний Статистикийн хороонд 1 зөвлөмжийг хүргүүлсэн хэмээн тайлагнав.

1784 байгууллагыг түүвэрлэн хамруулахад 91.1 тэрбум төгрөгийн 416 зөрчил илрүүлэн 5.5 тэрбум төгрөгийн 91 зөрчилд төлбөрийн акт тогтоожээ

 Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнгийн аудитад 1784 байгууллагыг түүвэрлэн хамруулан, нийт 91.1 тэрбум төгрөгийн 416 зөрчил илрүүлж, 5.5 тэрбум төгрөгийн 91 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 32.9 тэрбум төгрөгийн 97 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 52.6 тэрбум төгрөгийн 228 зөрчилд зөвлөмж өгч ажилласан. Энэ оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 1.6 тэрбум төгрөгийн төлбөрийн актыг биелүүлж, улсын төсөвт төвлөрүүлээд байгаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайланд үндэслэн дараах дүгнэлтийг гаргасан. Үүнд:

1.  Төсвийг төлөвлөх, захиран зарцуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагаанд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг мөрдөж ажилласнаар эдийн засаг сэргэж, төсвийн сахилга бат сайжрахын зэрэгцээ арвилан хэмнэх, нөөцийг үр ашигтай ашиглах нөхцөл бүрдэхээр байна.

2. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим зүйл, заалт Төсвийн тухай хуулийн зарим зохицуулалттай давхардаж байгааг Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцүүлж боловсронгуй болгох шаардлагатай.

3. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас баталж, мөрдүүлэх хэм хэмжээний акт батлагдаагүйгээс хуулийг хэрэгжүүлэхэд тодорхойгүй байдлыг үүсгэж байна.

4.  Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бүрэн мөрдөхгүй байгаа нь төсвийн сахилга баттай, үр ашигтай, ил тод, хариуцлагатай байх зарчмыг алдагдуулж, нийтийн хөрөнгийг үрэлгэн зарцуулах нөхцөлийг үүсгэж байна.

5. Засгийн газар болон түүний харьяа байгууллагууд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүйгээс төрийн байгууллагын санхүүгийн нөөцийн үр өгөөжийг бууруулж байна.

6.  Засгийн газар болон ТӨБЗГ нь зарим төрийн өмчит хуулийн этгээдэд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай ижил чиг үүрэг бүхий хяналтын менежер, бүтээмж хариуцсан менежер, засаглалын менежерийн орон тоог шинээр бий болгох чиглэл өгч,  шийдвэр гаргасан нь уг хуулийн үзэл баримтлал, үндсэн зорилготой нийцэхгүй байна.

7. Зарим аймгийн Засаг дарга нар ЗДТГ-ын бүтэц, орон тоог батлахдаа Засгийн газраас тогтоосон хязгаарт төрийн үйлчилгээний албан хаагчийн орон тоог хамааруулахгүй байгаа нь төрийн албан хаагчийн тоо нэмэгдэх шалтгаан болсон гэж дүгнэсэн.

Уг дүгнэлтэд үндэслэн нийт 12 зөвлөмжийг холбогдох албан тушаалтанд буюу Монгол Улсын Ерөнхий сайдад 6, Сангийн сайдад 3, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад 1, Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 11 хуулийн этгээдийн дарга, захирлуудад тус бүр 2 зөвлөмж хүргүүлсэн хэмээн Монгол Улсын Ерөнхий аудитор тайлан, дүгнэлтээ танилцуулсан юм.

Тайланг сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал асуулт асууж, үг хэлэхдээ, орон нутагт төрийн хэмнэлтийн асуудал ихээхэн хүндрэл үүсгэж буйг дурдав. Тэрбээр үйлчилгээ хүртэх ёстой иргэд чанартай үйлчилгээ авч чадахгүй байдалд хүрсэнийг олон талаас харж, дуугарах ёстой. Гүйцэтгэлд суурилсан төсөвлөлтийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж, эхэлсэн нь үр дүнтэй байгаа эсэх, чиг үүрэгтэй эмнэлгүүд санхүүлжилтгүйн улмаас хүнд байдалд орсон уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Иргэд эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртэх учиртай. Энэ чиглэлд Үндэсний аудитын газар санал, дүгнэлтээ гаргаж байх шаардлага бий гэв.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe