Нүүрсний хулгайн асуудал ачааны хүндийг үүрч буй нийгмийг стрессийг тэсэлснийг өнөөдөр ч бид мартаагүй яваа. Хятад улсын хилээр хууль бусаар нүүрс тээвэрлэж байгаа мэдээлэл 2022 онд чих дэлсэж, төрийн өндөр албан тушаалтнууд, бизнесийн томчуудын нэр яригдаж, Монгол Улсын эдийн засагт 11 тэрбум орчим ам.долларын хохирл учирсан шуугиан залуусыг ч жагсахад хүргэсэн билээ.
Нүүрс бол ийм л эмзэг сэдэв. Учир нь энэ бол нийт ард түмний баялаг буюу энэ салбараас олсон орлого иргэдэд тэгш хүртээмжийг бий болгож, нийгмийн сайн сайхныг цогцлоох хэрэгсэл болох учиртай. Гэтэл төр нь хүртэл “нууц” гэсэн гэрээг нэг компанид давуу эрх олгон байгуулсныг өдгөө бид харж байна. 2019-2022 оны хооронд Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас 50 сая тонн нүүрсийг 40 оффтэйк гэрээ байгуулан экспортлохоор болж, орлогоор нь Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан төмөр зам гэсэн хоёр том төслийн санхүүжилтийг босгохоор болсныг Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор зогсоож, 2025 оны аравдугаар сард олон нийтэд ил болгоод буй. Энэхүү гэрээний 38 нь “Бодь интернэшнл” компаниар дамжуулан байгуулсан бол хоёр нь Norinco International Cooperation Ltd and Glory Town Holdings компанитай байгуулсан, газрын тосны дамжуулах хоолой барих төслийг санхүүжүүлэх зориулалттай гэрээ байв. Эдгээр 40 гэрээний хэрэгжилтийг зогсоосон тул зарим нь 90 гаруй хувьтай, зарим нь хэрэгжиж эхлээгүй зогсчхоод байгаа юм.
Нүүрсний оффтэйк гэрээнүүд олон жил яригдаад хэрэгжиж чадаагүй төмөр замын төслийг барих санхүүжилтийг богино хугацаанд шийдвэрлэх боломжийг өгчээ. Гэвч гэрээнүүд ил тод байгаагүйгээс гадна урт хугацааны тогтоосон үнэ болон нийлүүлэлтийн гүйцэтгэлийн асуудлууд нь Монгол Улсын зах зээлийн боломжит орлогоос ихээхэн алдагдал үүсгэх эрсдэлтэй байгааг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс хөндөж байв. Дэлхийн Банк ч мөн “Төрийн хувьд богино хугацаанд дэд бүтцийн санхүүжилтийг шийдэх ашигтай хэрэгсэл байж болно. Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг урьдчилан хангах, том төслүүдийг эхлүүлэх давуу талтай. Гэвч эдгээр хэлцэл ихэвчлэн урт хугацааны, фикс буюу урьдчилан тогтоосон үнийн нөхцөлтэй байдаг тул зах зээлийн үнийн огцом өсөлт болоход төр боломжит орлогоос ихээр алдана” гээд тус банкны шинжилгээгээр оффтэйк гэрээнүүд 2027 он хүртэл ойролцоогоор $3 тэрбум тэнцэх боломжийг алдахаар байгааг онцлон сануулж байсан. Тэгвэл ил болсон 40 гэрээнээс зөвхөн коксжих нүүрсэн дээр, тонн тутмыг нь 60 ам.доллароор тооцож гаргасан 7.3 сая тонн нүүрснээс л гэхэд Монгол Улс 2.2 их наяд төгрөгийн боломж алдсан хэмээн бид тооцоод байна. Өөрөөр хэлбэл, https://www.sxcoal.com/-ын тооцооллоор Хятадын зах зээлд 2023-2024 онд нэг тонн коксжих нүүрс 140-190 ам.доллар байсан. Үүнийг дунджаар 150 ам.доллар гэж тооцвол Монгол Улс нэг тонн нүүрс тутмаас 85 ам.доллар олох боломжоо алдсан гэсэн үг юм.
Байгалийн баялаг учраас ашигт малтмалын аливаа гэрээ нээлттэй, ил тод байх ёстой.
Гэрээг ил тод нийтлэх нь олборлох салбарын сайн засаглал, ил тод байдалд онцгой нөлөөтэй бөгөөд салбарын бүх оролцогч талд ашиг тустай гэж олон улсад үздэг. Тухайлбал, төр засгийн хувьд зохицуулалтын тогтолцоогоо бэхжүүлж, салбарт оновчтой хяналтыг хэрэгжүүлэхэд тустай бол компаниудад нэр хүндтэй холбоотой үүсэх эрсдэлээ бууруулж, бусад оролцогч талуудын итгэлцлийг нэмэгдүүлэхэд дэм болдог. Харин иргэдийн хувьд засгийн газар, компаниудаас хариуцлага нэхэх, тухайн улсад орох эдийн засгийн үр өгөөж болон бусад үр нөлөөг хянах боломжийг олгодог.
Монгол Улс дахь гэрээний ил тод байдал нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга(ОҮИТБС)-ын хүрээнд болон бусад сувгаар хэрэгжүүлж буй ажлын дүнд ихээхэн ахиц дэвшилтэй болж буй. ОҮИТБС-ын баталгаажуулалтын хамгийн сүүлчийн тайланд олон олон гэрээ ил тод нийтлэгдсэн. Тэдгээр нь ОҮИТБС-ын холбогдох шаардлагыг ерөнхийдөө хангаж байгаа ч гэрээний ил тод байдлыг бүрэн хангахад Засгийн газрын бодлого, түүний хэрэгжилтийг сайжруулах шаардлага байсаар байгааг тэмдэглэжээ. https://resourcegovernance.org/mn/publications/mongol-ulsyn-gereeniy-il-tod-baydlyn-toym-sudalgaa
Нүүрс бол Монгол Улсын хувьд стратегийн чухал түүхий эд. Экспортын 80%, төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байгаа гэдэг утгаараа энэ салбарт авлигын эрсдэл маш өндөр байсаар байна. Оффтэйк 40 гэрээ нь Монгол Улсын дэд бүтцийн томоохон төслийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр болсныг хэн ч буруутгаагүй. Гагцхүү нэг компанид давуу эрх олгож, бараг бүх гэрээг ганцхан компаниар дамжуулсныг нийтээрээ шүүмжилж буй. Төрийн өмчит компанийн хувьд энэ нь шударга бус байдлыг үүсгэсэн гэсэн үг. Гэхдээ энэ 40 гэрээ бол 50 сая тонн нүүрсний тухай, “Бодь интернэшнл” дээр 900 сая ам.долларын асуудал яригдаж буй. Тэгвэл үүний цаана урт хугацаатай, 2030 он хүртэл жил тутам 25 сая тонн нүүрс гаргах “Чайна Энержи”-ийн гэрээ хаалттай хэвээр байна…
Сэтгэгдэл үлдээх