Калифониа мужид гарсан гал түймэр
АНУ-ын тус мужид энэ оны нэгдүгээр сард болсон гал түймрээр нийт 400 гаруй хүн нас барсан гэх судалгаа байна. Харин Лос Анжелесд 31 хүн нас баржээ. Мөн 200 мянган иргэн нүүж, 18 мянган байшин, барилга галд шатжээ. Түймрийн нийт хохирлын хэмжээг 75-130 тэрбум ам.доллар хэмээн тооцоолсон байна.
Хонг Конг галт түймэр
Саяхан буюу энэ оны 11 дүгээр сард Хонг Конгийн Тай По дүүрэг дэх Ванк Фук хэмээх томоохон орон сууцны цогцолбор гал түймэрт автсан. Түймрийн улмаас 159 иргэн амиа алдаж, олон зуун иргэн алга болсон харамсалтай хэрэг болсон юм. Тус цогцолбор найман блок бүхий 31 давхар цогцолбороос бүрддэг.
Алдарт P Diddy
2024 онд P Diddy буюу Шон Комбсын эхнэртээ хүчирхийлэл үйлдэж буй бичлэг CNN-ээр тархсан юм. Түүнээс хойш тавдугаар сард түүний шүүх хурал эхэлж, эцэст нь түүнийг бусдын биеийг үнэлүүлэхээр хил дамнаж зөөсөн хэмээн хоёр зүйл ангиар буруутгаж, дөрвөн жил хоёр сарын хорих ял оноосон.
Луврын музей дэх үнэт эдлэлийн хулгай
Франц улсад байрлалтай дэлхийн хамгийн алдартай музейн нэг Луврын музейд хулгай гарч, дөрвөн гэмт этгээд долоон минутын дотор долоон үнэт зүйлийг хулгайлж, зугтсан. Хулгайлагдсан үнэт эдлэлүүдэд Францын эзэн хаан нэгдүгээр Наполеоны хоёр дахь эхнэр, хатан хаан Мари-Луиз болон гуравдугаар Наполеоны эхнэр Евгений хатаны эзэмшиж байсан үнэлж баршгүй эд зүйлс багтсан байна. Нийт 102 сая ам.долларын үнэлгээтэй байжээ.
Бондай далайн эрэг дэх террорист халдлага
Австрали улсын Бондай далайн эргийн амралтын газарт зэвсэгтэй этгээдүүд гэнэтийн халдлага үйлдэж, 15 хүний аминд хүрсэн. Тус халдлага 1000 гаруй хүн оролцсон еврейчүүдийн Ханнука баярыг тэмдэглэх үеэр үйлдэгдсэн юм.
Роб Райнерийн үхэл ба түүний хүү
Холливудын домогт найруулагч Роб Райнер эхнэрийн хамт ням гарагийн үдээс хойш Лос Анжелесд байрлалтай тансаг зэрэглэлийн Брентвуд хороололд байрлах гэртээ нас барсан байдалтай олдсоныг цагдаагийн газраас мэдээлсэн. Тэд хутганы сорвитой олдсон бөгөөд цагдаагийнхан уг хэргийг хүн амины хэрэг хэмээн үзэж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.
Мөрдлөгийн явцад тэдний хүү Ник Райнерийг хүн амины хэрэгт буруутгаж, ням гарагийн орой дэлгүүрт явж байхад нь баривчилжээ. Түүний эхний шүүх хурал өчигдөр буюу лхагва гарагт болж өндөрлөлөө. Түүнийг нэгдүгээр зэргийн хоёр зүйл анги бүхий аллагын хэрэгт буруутгаж байна.
Балба улс дахь бослого
Энэ оны онцлох үйл явдлуудын нэг бол Балба улсын Z үеийнхний эсэргүүцлийн жагсаал юм. Засгийн газраас нь цахим сүлжээг хориглох шийдвэр гаргасныг эсэргүүцэж, удаан хугацаанд үргэлжилж буй авлига, тэгш бус байдлын эсрэг эхэлсэн тус жагсаал эрх баригчдын авлига, тэдний хүүхдүүдийн тансаглал зэрэг асуудлыг хөндөж улам томорсон. Улмаар парламентын байр, удирдагчдын гэрийг хүртэл шатаасан. Үүний дараа ерөнхий сайд нь огцорч тус улс анхны эмэгтэй ерөнхий сайдаа томилсон юм.
Байгалийн гамшиг
Мьянмарт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 3600 давсан.
Selena Gomez хурим
АНУ-ын хөгжмийн продюсер Бенни Бланко болон дуучин, жүжигчин Селена Гомез нар есдүгээр сарын 27-д Калифорниа мужид хуримласан юм. Хосууд Санта Барбара хотод ойролцоогоор 170 зочдын өмнө тангараг өргөсөн бөгөөд тэдний хурим өндөр нууцлалын зэрэгтэй болсон.
Ахмед Аль Ахмед
Австрали улсын Бондай далайн эргийн амралтын газарт халдлага үйлдсэн зэвсэгтэй этгээдээс бууг нь булаан авч, хэрэгтнийг барьсан нэгэн залуугийн бичлэг түгсэнээр түүнийг “баатар” хэмээн цоллож эхэлсэн. Түүний нэрийг Ахмед Аль Ахмед гэдэг бөгөөд 43 настай бөгөөд жимсний дэлгүүрийн эзэн, хоёр хүүхдийн аав юм. Зогсоолд тавьсан машины ард нуугдаж байсан ноён Ахмед халдагч руу үсрэн гарч, түүнийг барьж чаджээ.
Labubu
Лабубу тоглоом 2025 онд Pop Mart дэлгүүрт 670 сая ам.долларын орлого оруулжээ.
Бүсгүйчүүд сансарт
"Blue Origin" компанийн сансарын хөлгөөр дуучин Кэти Пэрри, Амазон компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын сүйт бүсгүй тэргүүтэй зургаан эмэгтэй 11 минутын сансарт аялсан. Энэ нь 1963 онд Зөвлөлтийн үеийн сансрын нисгэгч Валентина Терешкова ганцаарчилсан нислэг хийснээс хойш зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн анхны сансрын нислэг болсон юм. Үүнээс гадна 2024 онд найман өдрийн даалгаварт яваад хөлгийн доголдлын улмаас есөн сарын турш сансарт гацаад байсан НАСА-ийн нисгэгчид болох Суни Уиллиамс, Бутч Уилмор нар энэ онд дэлхийдээ ирсэн. Тэднийг дэлхийд авчрах нислэг хэд хэдэн удаа хойшилсны эцэст энэ оны гуравдугаар сард SpaceX-ийн хөлгөөр дэлхийд авчирсан юм.
Сэтгэгдэл үлдээх