Оранж энтертайнмент 10 жилийн ойгоороо шинэ УСК-гоор бэлэг барьж байна

.Graph
2025-12-26

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс “Ирээдүйгээс ирсэн зочид” адал явдалт, инээдмийн шинэ уран сайхны кино бүх кино театруудад нээх гэж байна.

Нийслэл Хүүхэн, +17, Шар гэгээ, Мөрч зэрэг нэг болон олон ангит бүтээлүүдээрээ бүх цаг үеийн үзэлтийн рекордыг шинэчилж байсан “Оранж энтертайнмент” 10 жилийн ойгоо 2026 онд тэмдэглэх гэж байна. Тус хамт олон өнгөрсөн арван жилийн хугацаанд тайз, дэлгэцийн 50 гаруй уран бүтээл туурвиж, Монголын кино урлагт өөрийн өнгө төрх, байр суурийг бататгасан билээ.

10 жилийн ойн хүрээнд хэрэгжих томоохон төслүүдийн эхлэлийг “Ирээдүйгээс ирсэн зочид” УСК нээж байгаа бөгөөд уг кино нь “Оранж энтертайнмент”, ДДЭШ ТВ, “Фильм Овл” продакшны хамтын бүтээл юм.

Найруулагчаар “Мөрч”, “Молоко” зэрэг хит бүтээлүүдээр танигдсан залуу найруулагч Б.Төгөлдөр ажиллажээ.

Тус кино нь Монголчуудын угсаа гарвал, түүх, үнэт зүйлсийг орчин үеийн инээдмийн, адал явдалт хэлбэрээр өгүүлсэн бөгөөд хүүхэд, залуусын эх орноороо бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх, хүмүүжлийн эерэг нөлөөтэй бүтээл гэдгээрээ онцлог юм.

Бүтээлийг дуу, дүрслэлийн өндөр чанартай, шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр хийж, Монголын инээдмийн киноны шинэ түвшинг тогтоохоор зорьсон гэдгийг продакшн онцолж байна.

Киноны товч агуулга

K-pop од болохыг мөрөөддөг Заяа Солонгос руу явахын тулд түүхийн хатуу зарчимч багш Бат профессор-ын шалгалтыг давах ёстой болно. Гэвч шалгалтаас “аргалж” мултрах гэсэн оролдлого нь түүнийг үл мэдэх говийн агуйд хүргэж, тэндээс түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө.

Буцахын тулд тэр зөвхөн шалгалтаа бус, өнгөрсөн цагийн үнэ цэнийг ойлгож, жинхэнэ утгыг нь танин мэдэх даалгавартай нүүр тулна.

Тус кинонд соёлын тэргүүний ажилтан, үзэгчдийн хайртай жүжигчид Н.Ялалт, О.Энхтуул нар залуу уран бүтээлчидтэй хамтран тоглож, үзэгчдэд инээд, адал явдал, бахархлыг нэгэн зэрэг мэдрүүлэх юм.

 “Ирээдүйгээс ирсэн зочид” 2026.01.01-нээс бүх кино театруудад.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe