Улиран одож буй 2025 онд Монгол Улсын эдийн засгийг тоймлон харахад том тоонууд нь өсөлт үзүүлсэн ч иргэдийн амьдралд наалдсангүй. Тал еэвэнгийн түүх шиг тоон утгыг сөхөж үзвэл..
Нүүрсэндээ найдсан өөдрөг төсөөлөл төсөв тасрахад хүргэв
2025 оны эхний таван сард экспорт өмнөх оны мөн үеэсээ 15% буюу 931 сая ам доллароор, төсвийн нийт орлого 1.3 их наяд төгрөгөөр буурснаар наадмаас өмнө амжиж төсвөө тодотгов. 2025 оны гуравдугаар сард л тодотгох шаардлагагүй, асуудалгүй гэж Засгийн сайд нар мэдээлж байсан ч үнэнтэй нүүр тулж, тодотгол хийсэн нь энэ. Хэрэв Э.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төсвөөр тэр чигтээ зүтгүүлсэн бол өдийд эдийн засаг элгээрээ хэвтэх байжээ. Тодотгож, танасан тулдаа 2025 оныг улсын төсвөө 1.8 их найд төгрөгийн алдагдал(2025.11 сарын байдлаар)-тайгаар оноо дуусгаж байна.

Үнэ өрхийн санхүүд дарамттай хэвээр
Улсын эдийн засгийн бодлого оновчтой явж байгаа эсэх тусгал нь өрхийн амьжиргаанаас харагддаг. 2025 оны хувьд инфляц харьцангуй тогтвортой, нэг оронтой тоонд хадгалагдаж, дундаж нэрлэсэн цалин 2.7 сая, голч цалин 2.3 сая болж, 2024 оны эхтэй харьцуулахад 20 орчим хувь өссөн ч амьдрал амаргүй хэвээр 2025 оныг үдэж байна. Учир нь зайлшгүй хэрэгцээт хүнс, орон сууц, түрээсийн үнэ өндөр, өр зээлийн дарамт өндөр, цалингийн өсөлт жигд бус байв.
Улаанбаатар хотын иргэд бид нэг кг үхрийн махыг дунджаар 23955 төгрөгөөр авч байгаа нь 2023 оны мөн үеэс 32.8%, 2024 оныхоос 17.7% өссөн дүн юм. Шатахууны үнэ хэдийгээр өнгөрсөн оноос литр тутамдаа 200 төгрөг буюу ихээр нэмэгдээгүй ч үе үе нийлүүлэлт тасалдаж, оочир дараалал үүсгэж байгаа нь өөрөө өрхийн эдийн засагт өнөөг хүртэл дарамт учруулсаар байна.

Гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээр
Үндэсний статистикийн хороо Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг хоёр жилд нэг удаа хийдэг ба хамгийн сүүлийн буюу 2022 оны судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувь буюу 913 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байжээ. Энэ нь сарын хэрэглээ нь 418 мянган төгрөг хүрэхгүй байгаа ийм тооны иргэн байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа ба энэ байдал 2025 онд дорвитой өөрчлөгдөөгүй. Үүний нөгөө талд албан бус хөдөлмөр эрхлэлт буюу нийгмийн даатгал төлдөггүй, хөдөлмөрийн гэрээгүй, албан ёсны бүртгэлгүйгээр ажил эрхэлж буй хүмүүс өндөр байсаар. Манай улсын ажил эрхэлж байгаа 3 хүн тутмын 1-2 нь албан бус хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн албан бус тоо ч байна. Төлж байгаа татварын зарцуулалт үр дүнтэй бус, өгөөжийг нь хангалттай мэдрэхгүй байгаа тул татвар төлөх сонирхол буурч байгаа нь нийгмийн том эрсдэл хэвээр байна. Харин ҮСХ-ны судалгаагаар ажилгүй иргэдийн тоо 2023 оны III улиралд 73.9 мянга байсан бол 2025 оны мөн үед 80.6 болоод байна.
Иймд Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар 2030 он гэхэд ядуурлыг 2 дахин бууруулахаа амлав. МАН энэ амлалтыг 2020 онд мөн өгч байсныг энд сануулъя.
Хөгжлийн банкны босгосон “царцуу” бонд & санхүүжилтээ хүлээсэн мега төслүүд
Засгийн газар болон нийслэл Улаанбаатар хотоос 2024-2040 онд нийт 38 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Засгийн газрын 14 мега төслийн нийт төсөв 37 их наяд, нийслэлийн 24 төслийн төсөв 55.6 их наяд төгрөг байхаар төсөөлсөн. Төсөөлсөн гэж буйн учир нь 22 төслийн ТЭЗҮ хийгдсэн бол бусад 16 төсөлд ТЭЗҮ хийгдээгүй, эсвэл тодорхойгүй байгаа юм. Одоогийн байдлаар ямар ч байсан 9 төслийн батлагдсан төсөвт өөрчлөлт орсон тухай мэдээлэл гарсан. Өөрөөр хэлбэл, том төслүүдийн гэрээний ил тод байдал хангалтгүй, стратегийн ач холбогдолтой ч ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, олон талт зөвшилцлийн ил тод байдал дутмаг байгааг Нээлттэй нийгэм форум судлаад дүгнэчихсэн.

Гэтэл үүний нөгөө талд хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой Монгол Улсын Хөгжлийн банк зургаадугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлд 3 жилийн хугацаатай, 8.5 хувийн тогтмол хүүтэй 350 сая ам.долларын бонд арилжсан ч энэ мөнгө хагас жил дараатай хэвтэж, валютын хүүгийн төлбөрийн дарамтыг нэмэв.
Гуравдугаар улирлын байдлаар Монгол Улсын Засгийн газрын гадаад өр өмнөх оны мөн үеэс 13.5%, дотоод өр 2.2 дахин өсөөд байна.

Нэгэнт ийм нөхцөлд санхүүжилт нь тодорхойгүй мега төслүүдийг царцааж, эдийн засгаа баттай хөл дээр нь зогсоох шаардлагатай байна.
Хэрүүл уруултай хотын амьдралын өртөг өссөөр
Авто тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны төлбөр, зогсоолын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар, хог хаягдлын үйлчилгээний төлбөр гээд нийслэлд амьдрах өртөг нэлээд нэмэгдсэн.

Автомашины татвар 3, замын төлбөр л гэхэд 5 дахин нэмэгдсэн хэдий ч хүртээмж төдийлөн сайжраагүйг бид харж байна.
Нийслэлийн хэмжээнд 2025 онд 59.6 км авто зам шинэчилсэн бөгөөд багц ажил бүрд 2-6 тэрбум зарцуулж буйгаа мэдээлсэн. Албан бус багцаа тоогоор дор хаяж 200 гаруй тэрбум төгрөг зарцуулав. Мөн энэ жилжингээ иргэдийг бухимдуулж явган замаа шинэчлэв. Асуудлаа эрэмбэлсэн үү? Иргэдийн хүсэл сонирхлыг үл хайхарсан жил дуусав. ТҮЦ чөлөөлж багадаа мянган иргэн хоолноосоо салж, үргэлжлээд таксиныхан бухимдлаар он дуусаж байна.
Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг солонгоруулсан амжилт буюу Зөөвч-Овоо төсөл
2025 оны хамгийн эерэг гэж хэлж болох үйл явдал бол Монгол болон Франц улсын Засгийн газар хооронд хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээ байлаа. Дорноговь аймгийн Зөөвч-Овоо ордоос цөмийн эрчим хүчний түүхий эд болох шар нунтаг буюу байгалийн ураныг хүрээлэн буй орчинд хамгийн нөлөөлөл багатайгаар, дэлхий дээрх шилдэг технологиор олборлоход гуравдагч хөрш хөрөнгө оруулах Монголын хоёр дахь том гэрээ ийнхүү батлагдав. Ингэснээр Монгол Улс дэлхийн цөмийн эрчим хүчний нэг оролцогч болж, гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгөөд байна.
Харин гуравдагч хөршийн анхны том хөрөнгө оруулалтын гэрээ бол Оюутолгойн гэрээ. Энэхүү гэрээний үр өгөөжийн талаар УИХ нээлттэй сонсгол хийв. Улмаар нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг баталж, зарим зүйлсийг засаж залруулаад цааш явахаар тогтлоо.
Ямартай ч Монгол Улсын эдийн засгийг эрчимтэй урагшлуулах гол хөшүүрэг нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах билээ.
Гадаад валютын нөөцийн рекорд Vs. ТӨК-иудын гажиг тогтолцоо
Монгол Улсын гадаад валютын нөөц 2025 онд түүхэнд дээд хэмжээ буюу 6 тэрбум ам.долларт хүрэв.

Оны хоёрдугаар хагаст экспортын орлого нэмэгдсэнээр гадаад валютын орох урсгал сайжирсан хэмээн Монголбанк мэдээлсэн.
Гэвч энэ өсөлтийг эерэг гэж дүгнэх нь учир дутагдалтай. Яагаад гэвэл ТӨК-ууд, тэр дундаа уул уурхайн компаниудын орлогыг Монголбанканд төвлөрүүлснээс гадна арилжааны банкнууд гаднаас эх үүсвэр ихээр татсан. Харин иргэдийн хувьд хэрэглээгээ тэвчиж, импорт буурсныг харгалзвал нөөц сайндаа өссөн үзүүлэлт биш юм.
Дэлхийд алт гялалзаж байхад Монгол Улс бодлогоо тодорхойлж чадсангүй
Алт бол эрсдэлээс хамгаалах урт хугацааны найдвартай хэрэгсэл гэдгийг 2025 он батлан харуулсан жил байлаа. Арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар нэг унц алт 4,530 буюу түүхэн дээд хэмжээндээ хүрэв. Нийт жилийн турш алтны ханш өндөр түвшинд тогтвортой хадгалагдсан нь геополитик, мөнгөний бодлого, хөрөнгө оруулагчдын зан төлөвтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Цаашид ч алтны үнэ цэн буурахгүй нь тодорхой.

Гэвч ийм чухал цаг үед Монгол Улсын алтны шороон ордын нөөц шавхагдах тийш орж, үндсэн ордуудаа ашиглах шаардлагад тулж ирсэн. Энэ бол өндөр технологи, ихээхэн хөрөнгө оруулалт шаардах олборлолт юм. Гэвч энэ байдлыг урагшлуулах зорилготой "Алт 3" аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэсэгчлэн хориг тавьсан тул цаашид ч бүрхэг хэвээр байна.
Төв банкны ерөнхийлөгч солигдлоо
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирлаар ажиллаж байсан С.Наранцогтыг томилов.
Хэдийгээр Сангийн яаманд ажилласан туршлагатай, мэргэжлийн хүн томилогдож байгаа нь эерэг ч нөгөө талдаа Монголбанк улс төртэй улам хамааралтай болж байна уу гэж болгоомжлох хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Ямартай ч шинэ оны босгон дээр төв банкийг тэргүүлэх үүрэг хүлээсэн тэрбээр инфляцын хүлээлтийг хатуу удирдаж, макро тогтвортой байдлыг урт хугацаанд хамгаалж, валютын нөөцийг тоогоор биш, чанараар удирдана гэх зэргээр баримтлах бодлогоо танилцуулаад байна.
Бүтэн жил дуншсан Татварын багц хууль он дамнах болж, ТӨК-уудын хувьчлал удаашрав
Татварын багц хууль бизнес эрхлэгчид төдийгүй иргэдийн хувьд өндөр хүлээлттэй байсан ч 2025 онд багтаж шийдэгдсэнгүй. Оны сүүлийн сард шинэ Засгийн газар Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ гэдгээ мэдээлж амжив. Уг хуулиар иргэн, өрхийн орлогыг хамгаалж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд шинэчилж байгаагаа мэдээлсэн.
Хамгийн их хүлээлттэй байсан бас нэг том арга хэмжээ бол ТӨК-уудын хувьчлал юм. ТӨК-уудын өр төлбөр 2024 оны байдлаар 22.9 их наяд төгрөг буюу ДНБ-ний 28.6 хувьд хүрсэн бол өгөөж нь ердөө 9.6% байгаа юм. Олон жил ярьсан хувьчлалын асуудлыг оны босгон дээр чуулганаар оруулж, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах талаар хэлэлцсэн. ТӨК-уудыг биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийг өмчийг хувьчлах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив. Тодруулбал, 33 компанийг авч хэлэлцэхээр болоод байна.
Тусгай сангуудыг цэгцэлж мөн л амжсангүй
Тусгай сангуудын орлого, зарцуулалт төсвийн хяналтаас гадуур, давхар санхүүжилт болж, үр ашиггүй зардал үүсгэж байгааг Үндэсний аудитын газраас олон удаа дүгнэсэн. Гэвч Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалаа л хэлэлцэж эхэллээ.
Засгийн газрын 26 тусгай сан байгаа гэдэг ч төсвөөс санхүүждэг нь 22 болохыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат танилцуулсан. Эдгээр тусгай сангуудаар дамжуулан 2024 онд л гэхэд 11.6 их наяд төгрөгийн зардлыг санхүүжүүлж, үүний 92.4% буюу 10.7 их наяд төгрөг нь нийгмийн даатгал, нийгмийн халамж, ЭМД-ын сангуудад хамаарч байна.
Ямартай ч Нийгмийн даатгалын сан “хоосорч” он дуусах гэж байхад аль ес, аравдугаар сард ажлаас гарсан хүмүүсийн ажилгүйдлийн тэтгэмж битгий хэл төрөх гэж байгаа ээжүүдийн декритний мөнгийг өгөхгүй байгаад иргэдээ бухимдуулан оноо үдэж байна.
Ипотекийн зээл оочир дараалалтай, оновчгүй санхүүжилт болж хувирав
Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах цаг болсныг өнөөгийн нөхцөл илтгэж байна. Анх энэ хөтөлбөр нь дундаж орлоготой өрхүүдийг орон сууцтай болоход дэмжих замаар ажлын байрыг хадгалж, урт хугацааны хадгаламжийг өрхүүдэд үүсгэх том бодлого байв. Харамсалтай нь зээлийг дунд нь зогсоож, хөдөлгөсөөр барилга, үл хөдлөхийн салбарт үнийн хөөсрөлт үүсгэж, иргэд орон сууц авах боломжийг улам хүнд болгов. Өдгөө тус хөтөлбөрөөр зээл авсан нийт зээлдэгчдийн 60% нь орон сууцтай байсан хүмүүс байгаа ба нөгөө талд гэр хороолол улам өргөжин тэлсээр байна. Ипотекийн зээлд хамрагдах гэж 24 сараас дээш хүлээж байгаа нь энэ хөтөлбөр эрүүл биш эрэлтээ нийлүүлэлт нь даахаа больсныг илтгэж байна. Оочирт хэн хаана явааг шилэн болгохгүй бол багадаа 15 саяын авлига өгч байж оочир дайруулдаг авлигын үйлдэл амь бөхтэй болжээ. Байранд орох залуусын мөрөөдөл болсоор. Байрны үнэ инфляцыг ч давж жилд 10-15 хувиар өсөж байгаа. Харин энэ өсөлтийн араас залуусын орлогын өсөлт гүйцэлгүй тамирдсан жилийг үдлээ.
Утаагаар түрий барьсан хөтөлбөрүүдийн мөнгө салхинд хийсэж, алдаатай бодлогын төлөөсийг нийтээрээ үүрсээр
Монгол Улс 2008-2023 онд 15 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах нэрээр нийт 1.7 их наяд төгрөг зарцуулсан ч энэ мөнгө салхинд хийсэж, буруу бодлогын уршгийг нийтээрээ өнөөдөр хүртэн амьдарч байна. Сайжруулсан түлшний том 2 үйлдвэр ажиллаагүй болж төрийн мөнгөөр туйлсан буруу шийдвэрт хэн ч хариуцлага үүрсэнгүй. Цэрэгт яваад ирэхэд нь гэрийнхэн нь бүгд нас барсан цэрэг хүүгийн нулимс хатаагүй.
Өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн сонсголоор 11 мянган хүн угаарын хийн хордлогод өртөж, 103 хүн нас барсан гэж мэдээлж байсан бол зөвхөн энэ оны эхний арван сард 110 хүн энэ шалтгаанаар хорвоог орхив.
Эдийн засгийн алдагдсан боломжийг ойролцоогоор тооцвол, өнөөгийн ханшаар 8,500 өрх буюу дунджаар 35,000 орчин хүнийг орон сууцанд оруулах боломжийг үгүй хийжээ. Эцэст нь нийслэл тэр аяараа урд хөршөөс коксожсон түлш худалдан авч түллээ. Хагас кокс түлшний хүртээмж хангалтгүй. 7 хоногт худалдан авах лимит зааснаар хүүхэд хөвөөгүй байс гээд нүүрс хайж хөхөө өвлийн хүйтэнд хүндрэлтэй гэгч нь өвөлжив. Галаа зэхээгүй, хотын удирдлагуудаас өөр сэтгэл нэхээд хэрэггүй. Хотын даргаа удирдлагаа өөрсдөө сонгохгүй бол намаас томилогдсон хүмүүс хотынхныг загнаж, дуртай үедээ “хөл хорьж”, татвар нэмсээр Нийслэлийн төсвийг данхайлгаснаас өөрөөр та бидний амьдралд наалдсан шийдэл 2025 онд гаргасан уу?
2026 он инфляц, төсвийн тодотгол, гадаад орчны тогтворгүй байдал, татварын шинэчлэл, та биднийг хүлээж байна. Иргэд бүсээ чангалаад удсан төрийн бүс чангарах эсэхийг ирэх ондоо харцгаая.
Сэтгэгдэл үлдээх