"The Nyambaator"

Б.Энхтулга
2025-12-29

Монголын төрд У.Хүрэлсүх эзэн сууж ганхашгүй нэгэн болсон шиг Улаанбаатар хотод Х.Нямбаатар гэх хүн эзэн сууж өөрийн дарангуйллыг тогтоосоор. Уг нь эрх зүйч мэргэжилтэй хотын дарга маань хүний эрх, эрх чөлөөг хэнээс ч дутуугүй мэдэх хүн. Гэвч тулгаж шийдвэр гарган, баталсан журмаараа хотын иргэдээ, бизнес эрхлэгчдээ дарамталж эрхшээлдээ оруулж байгаа түүний үйлдэл тэсэхээ байсан олон нийтийн эсэргүүцэлтэй тулж эхэллээ. Энэ эсэргүүцэл гэнэт гарч ирсэн юм биш урт хугацааны тэвчээрийн үндсэн дээр гарч ирсэн тэсрэлт. Хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны л асуудал байсан. Төсөв нь 4 их наяд гарч, гадаад зах зээлээс хэдэн их наядаар нь бонд босгосон хотын дарга мөнгөө үрж ядаж байна гэх хүмүүсээс эхлээд такси үйлчилгээнд төрийн мөнгө дутаж байгааг мэдлээ, бродюр аа сольчихвол л түгжрэл шийдэгдэх гээд байсан юм байна, ТҮЦ нүүлгэчихвэл хот өнгө орчих байж, хагас кокс түлчихвэл утаагүй болох гээд байжээ гэх мэтчилэн түүний талаарх иргэдийн сэтгэгдэл хөвөрнө.

Х.Нямбаатар өнөөдрийн “Диктатур” болтлоо ямар шийдвэрүүд гаргаж байв...

Сэлбэ дэд бүтцийг босгохын тулд 500 сая ам.долларын бонд гаргаж яндангаас салах том ажлыг эхлүүлэв ээ. Гэвч гүйцэтгэгч барилгын компанийг БНХАУ-ын компанийг сонгон шалгаруулсан нь дотоодын компаниудаа дэмжсэнгүй гэх олны хэл аманд өртөж эхэлсэн. Тэгсэн мань хүн тендерт оролцогч компаниудад тавигдах шаардлагыг нь маш өндрөөр тавьж өгсөн байж таарав. Барилгын ажлыг гүйцэтгэх компани нь 2020-2023 оны хооронд аль нэг жилд нь 180 гаруй тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх ёстой гэхчлэн монголын компаниуд нийлээд ч давж чадахгүй өндөр босго тогтоочихсон. Ингээд БНХАУ-ын томоохон компанид ажлыг хариуцуулав. Хэсэг л чих нь халууцаж, монголчууд ч мартдаг шигээ энэ явдлыг мартсан. Дотоодын компаниуддаа өгчихсөн бол орж ирсэн хэдэн валют нь гадагшаа урсахгүй юм даа гэж халаглаад хоцров.

Х.Нямбаатарын хамгийн агуу бүтээн байгуулалт хятад “бродюр”...

Улаан дээлийг хар эмжээр чимдэг бол Улаанбаатарыг саарал бродюр чимээд жил гаруйн нүүрийг үзэж байна. Өнөө, маргаашгүй л солихгүй бол улсын маань нийслэл өнгө нь дарагдаад болох байлаа хэмээн хэдэн зуун км бродюрыг вагон вагоноор нь урдаас оруулж ирэн эмтэрч, элэгдээгүй хэдийгээ суга татан эргүүлж хийхдээ эв хавгүй угсарч орхиод дууссан. Энэ бол орон нутгийн сонгуулийн санхүүжилтээ олох гэсэн мөнгө угаалт хэмээн олон хүн дургүйцэж, Х.Нямбаатарыг эсэргүүцэх ээлжит нэгэн шалтаг гарч ирэв. Тэр бродюр солилт гэхдээ арай л эрээ цээргүй юм болох нь ч болчихсон шүү. Энэ удаад мөн л үндэсний үйлдвэрлэгчид бидний авах хэмжээг хийж чадахгүй юм байна лээ арчаагүй юмнууд тийм учраас бид хятадаасаа авна аа гэсээр хятад бродюраар Улаанбаатарын замыг эмжиж орхисон доо. Хятадуудтай нэг л жоготой байгаад байгаа нь анзаарагдав.

ТҮЦ-ний наймаачдыг ад үзэж бяраа гайхуулав..

Миний мэдэх чөлөөт зах зээлтэй, ардчилсан улсад хүн болгон өөрийн хүссэн бизнесээ эрхэлж төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн татвараа төлөн амьдарч ирсэн. Гэвч манай улсад энэ зарчим арай өөрөөр үйлчилдэг. Татвараар дарамтлахаас гадна хэн нэгэн хотын даргын нүдэнд хүйтэн харагдаж өнгө үзэмжид нөлөөлж байна гэж үзвэл тэр бизнесийг нь хүч хэрэглэн нурааж хаа ч юм нэг газар аваачиж хаяна. Чи мянга эсэргүүцээд нэмэр байхгүй. Тэгээд араас нь бизнес чинь байхгүй болсон юм чинь зах дээр гарч наймаа хий эсвэл төрийн ямар нэгэн байгууллагад цэвэрлэгч хий гэж тулгана. Энэ бол нийслэлийн журам. Уг нь тэр жижиглэн худалдаа эрхлэгч “Үгүй уучлаарай хотын дарга аа. Би зүгээр л өөрийнхөө худалдааг эрхлээд явмаар байна” гэж хэлдэг боловч түүний үг юу ч биш. Манай чухам том гэж өөрсдийгөө боддог дарга нар олон улсын жишээ ярьж, даган дуурайхаасаа өмнө би хэн билээ, бид ямар байгаа билээ гэж өөрсдийнхөө нөхцлийг эхлээд нэг харчихдаг баймаар...

Монгол Улс 200 гаруй тэрбум төгрөгөөр нүүрсээ нийлүүлдэг хятадаас хагас коксожсон түлш худалдан авлаа...

“Юу болоод байгаа юм бэ. Монголчууд бид хятадаас нүүрс авах юм уу, арайч дээ” гэх хүмүүс олон байв. Харин тиймээ. Тэгээд мөнгө төлөөд авчихсан хэрэглэж л байгаа юм даа. Хагас коксожсон түлш түлснээр утаа хэд дахин буурсан гээд хотын дарга маань яриад явж байна билээ. Аргагүй шүү дээ утаа бага ялгаруулдаг түлш юм чинь. Гэхдээ бид жил болгон худалдаж авах энэ хэдэн зуун тэрбум төгрөгөө өөр зүйлд зарцуулж болох байсан уу. Тухайлбал цахилгаан, дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй төсөл гэх мэтчилэн. Уг нь асуудлаа шийдье гэвэл нүүрс түлэх биш, шийдэл олж түүндээ мөнгө төлөх байлаа. Гэвч манай хотын дарга түр зуурын шийдэл гаргаж “утаа багасчээ” гэж өөрийгөө магтуулах ажлыг 200 гаруй тэрбум төгрөгөөр хийж нөгөө л хятадаасаа нүүрс худалдан авсан. Бүр ч болоогүй хагас коксожсон нүүрсний үйлдвэр барина гэсэн шүү. Утаа гардаг зүйлд мөнгө төлөхөө бид ойрын арван жилдээ болихгүй нь дээ.

Хоёрдогч зах зээлд гарч чаддаггүй хятадын цахилгаан машиныг худалдан авч таксинд явуулна...

Олон ойлгомжгүй журмыг нь тэвчиж ирсэн иргэд хятадаас 20 гаруй тэрбум төгрөгөөр цахилгаан автомашин худалдан авч нийслэлд такси үйлчилгээнд явуулах шийдвэр дээр тэвчээр нь алдарч тэмцэж, жагсах тухай ярьж эхлэв. Уг нь өөрийнх нь тайлбарлаж байгаагаар төр такси үйлчилгээний салбарт оролцохгүй. Зүгээр хувийн аж ахуйн нэгжид хүүгүй зээл олгож оронд нь хятадын цахилгаан автомашиныг худалдан авч таксинд явуулаач ээ гэсэн шаардлага тавьж байгаа гэв. Энэ ажлын ТЭЗҮ нь хийгдээд хаанаас ямар цахилгаан автомашин авах нь тодорхой болчихсон. БНХАУ-аас BYD-E6 гэх цахилгаан автомашиныг оруулж ирнэ. Энэ автомашины нэг ширхэг бүрийн үнэ нь 120 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм. Улаанбаатар хотод дунджаас дээгүүр амьдралтай хүмүүсийн унадаг автомашинтай дүйцэхүйц хэмжээний үнэтэй. Үүнийг нь эсэргүүцэж үг хэлэхээр улс төржлөө хэмээн загнаж, сошиал хаягаараа тайлбар хийж байна гэх нэрийдлээр иргэдийгээ доромжлон хэрүүл хийдэг.

Нэг тийм болж өгөхгүй л байгаад байгаа юм даа мань хотын дарга. Байх хугацаандаа олон журам баталж түүгээрээ иргэдээ дарамталж би л ажил хийж байна бусад нь чимээгүй бай гэх хандлагатай. Түүнийг нь өөхшүүлдэг хэдэн дагалдагч нар нь мань хүнийг тэр дотор нь хайрцаглаад хаячихсан. Дагаад энд тэнд хэрүүл хийж лайвдаад явдаг төрхтэй болчихсон. Тийм байдлаар ажил хийдэг гээд андуурчихсан. Хятадтай хэт их харьцаад ирэхээр коммунист болчихно гэж баймааргүй л юм даа. Хэдэн тэрбумаар үерийн далан нэртэй хана барьж натур хавийн оршин суугчдыг зүүн, баруун герман шиг хувааж орхисон гэхээр бас.. за за “Хүрээний бузрыг ярих юм бол далай далай” гэдэг шиг ингээд дуусгая даа. Үлдсэнийг нь бид угаас биеэрээ туулж, мэдэрч яваа хүмүүс. 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe