Аж үйлдвэрийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, залуу хойч үеийг бэлтгэн сургах үйлсэд олон арван жил тууштай хөдөлмөрлөсөн шилдэг инженер С.Гансүхийг Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагналаа.
Инженер С.Гансүх нь улсад 37 жил ажиллаж, Монгол Улсын цемент үйлдвэрлэлийн салбарт тоног төхөөрөмжийн нарийн оношилгоо, засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзлэг хяналтын чиглэлээр 21 жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан арвин туршлагатай мэргэжилтэн юм.
“Монцемент” үйлдвэрт 10 дахь жилдээ хариуцлагатай, тогтвор суурьшилтайгаар ажиллаж байна.
Ажлын гараагаа засварчнаар эхлүүлж, улмаар ээлжийн механик инженер, үзлэг хяналтын инженер зэрэг албан тушаалд дэвшин ажиллах хугацаандаа үйлдвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийн найдварт ажиллагааг хангах, эвдрэл саатлын шалтгааныг тодорхойлох, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний тогтолцоог сайжруулахад бодит хувь нэмэр оруулж иржээ.
Түүнчлэн эргэх зуух, түүхий эдийн босоо тээрэм, шохойн чулууны бутлуур зэрэг үндсэн тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт их засварын ажилд мэргэжлийн өндөр ур чадвар гарган оролцож, багаж хэрэгслийг стандартын дагуу зөв ашиглах, засвар үйлчилгээний чанар, аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд үлгэр дуурайлал болсоор ирсэн юм.
“Монцемент” үйлдвэр ашиглалтад орсон цагаас хойш тэрээр өөрийн хуримтлуулсан арвин туршлага, мэдлэгээ залуу инженер, ажилтнуудад тууштай өвлүүлэн сургаж, Монгол Улсын цемент үйлдвэрлэлийн салбарт шударга, идэвх санаачилгатай, өндөр үр бүтээлтэйгээр олон жил ажиллаж буй шилдэг инженерийн нэг билээ.
Монцемент үйлдвэрийн Монгол улсдаа оруулж буй хувь нэмрийг үнэлж инженер С.Гансүхэд олгосон энэхүү төрийн дээд шагнал нь түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн төдийгүй салбарын залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болсон чухал үйл явдал боллоо.
Сэтгэгдэл үлдээх