Нэг. Урь хураа хүлээсэн уртаас урт амаргүйчүүд
2025 оны эхэнд Арлын Японы мэргэжлийн сүмогийн дэвжээг монгол хөвгүүд эзэрхийлж байсан үеийг эргэн сэргээж Хошорюү С.Бямбасүрэн монголоос төрөн гарсан зургаа дахь Ёкозүна боллоо. Гэвч Монголд, монголчууд бид гарч өгдөггүй хөгжлийн гараан дээрээ зогссон хэвээр шинэ оныг угтав.
Улс төр ч амь орж эхлэн оны өмнөхөн Л.Оюун-Эрдэнийн хамтарсан засгийн газрыг унагах яриа дэл сул байсан бол бодитоор хэрэгжиж эхэлсэн. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нэг хүний дарангуйлал үүсэж байна хэмээн Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэв.
Огцруулах бичигт шууд гарын үсэг зурсан ганц нэг гишүүдээс бусад нь байдлыг ажиж байх хугацаанд цагаан сар тулж Засгийн газарт амьсгаа авах хугацаа олгосон.
Гэвч хүүгийнх нь цахим орчинд нийтэлсэн хэрээс хэтэрсэн тансаглал аавынх нь “Хэнтийн голын” мөсийг долоох шахам олж авсан улс төрийн замналыг үгүй хийнэ гэж санасангүй.
Хэдэн зуун саяар хэмжигдэх орлогогүй хүүгийн тансаглалд сошиал орчинд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн олон нийтийн эгдүүцэл Сүхбаатарын талбайд гартлаа өндрийг авч Оюун-Эрдэнийг 21 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын ажлын нээлтийг хил дээр хийж байх яг тэр өдөр Сүхбаатарын талбай орлогоо нотлохыг шаардсан иргэдээр дүүрсэн байв. Орлогоо нотолж чадаагүй Оюук амьд үлдэх гэж ихэд хичээсэн ч төрсөн ахаас нь ялгаагүй У.Хүрэлсүх Ерөнхийлөгч чуулганы индэр дээрээс ажлаа өг хэмээн зандарснаар мега төсөл мөрөөдсөн хамтарсан засаг уналаа.
Таван жил Засгийн толгойд суусан Л.Оюун-Эрдэнэ унаж, оронд нь тойргоосоо УИХ-д сонгогдож чадаагүй болохоор нь ивээлдээ авч тамгын газрын даргаа хийлгэж байсан Г.Занданшатарыг Ерөнхийлөгч Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнд зүтгүүлснээр намрын том улс төрийн эхлэл тавигдах нь тэр.
Засгийн газартаа ХҮН, ИЗНН гэсэн хоёр хүчнийг нэгтгэж Хамтарсан гэх тодотголтой ч нэг намын Засгийн газар утгаараа байгуулагдав.
Хоёр. Нар хур тэгширсэн наадмын дэлгэр цаг
Улс төр түгжрэлд стресстэж суусан иргэдийн сэтгэлийг ханз татаж “The MongolZ” багийн “Austin Major”-ийн аваргын төлөөх тоглолт 2008 оны олимпоос хойш хамгийн олон хүнийг талбайд цуглуулж, 3Х3 сагсанбөмбөгийн охид нутагтаа зохиогдсон ДАШТ-нд мөнгөн медаль авч хэсэгхэн хугацаанд жинхэнэ эрүүл баярт мөчийг ард түмэндээ бэлэглэв.
Залгуулаад жилдээ ганц болдог Үндэсний их баяр наадам биднийг тосон авч хотол олноороо налайлаа. Бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн бөх Э.Батмагнай 9 барилдан түрүүлэхдээ ердөө 25 минутыг зарцуулж аргагүй аархан Арслан цолыг хүртэв. Баянхонгорынхон Засгийн газрын тэргүүнтэй, Улсын наадмын түрүүтэй юм юмтай наадлаа.
Наадам үүгээр дууссангүй.
Улсын хэмжээнд 100 жилийн ой нь тохиож буй ганцхан аймаг байсан нь баруун хязгаар Увс нутгийнхан байлаа.
Байр, машин гээд түрүүлсэн хурд, хүчтэнүүдэд бай шагналыг цацаж бяраа гайхуулсан айхтар наадам болов. Байрны магнат, улс төрийн магнат, бөхийн магнат, нийтийн дууны магнат гээд байхгүй алдартан байхгүй увсынхан 100 жилээ эмх цэгцтэй, сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн. Баярыг балаг дагадаг хойно ойн тооныхоо талд нь ч хүрэхгүй хөгжилтэй аймгууд өндөр тоо ярьж баярлаж байхаар хөгжлөө эргэн нэг хараасай хэмээх олны шүүмжлэл тэг дундуур нь туучсан. Аймгууд маань аятайхан болох өдөр ирэх байх аа.
Гурав. Наадмын дараа намар
Урт амралтаас ухаан орж хичээл сургууль, ажил төрөл, замын түгжрэл, инфляци, татвар гээд эргээд л нөгөө хар бараан амьдрал биднийг угтах нь тэр. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн ардчилсан нам шинэ даргаараа О.Цогтгэрэлийг дэнчингийн мөнгөөр улс төржсөн шижирийг эс тооцвол хэл ам хэрүүл тэмцэлгүй сонгож, Г.Занданшатарын Засгийн газар 2026 оны төсвийг өргөн барилаа. Хэл ам дагуулсан төсөв 11 сард батлагдсан юм. Учир нь эхлээд эрх баригч нам онгойж үлдсэн намын даргын суудалд хэн нь суухаа шийдэх ёстой байлаа. Ингээд намрын чуулган эхлэхээс гурав хоногийн өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэнээр албан ёсоор ах У.Хүрэлсүхийнхээ эсрэг Л.Оюун-Эрдэнэтэй нийлэн зогсож байгаагаа зарласан юм.
Намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн мэдэгдэл нь түүнийг нүүрсний хулгайч, магадгүй хүн амины хэрэгтэн байж болзошгүй нөхцөл рүү түлхэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайд оролцсон хэмээн хэргийн материалаас гадуурх материалуудыг нийлүүлэн олон нийтэд хэргийн танилцуулга хийх нь тэр.
100 гаруй жилийн түүхтэй хэмээн онгирч явдаг МАН өмнө нь хэд хэдэн удаа дотроо хагарч байсан ч энэ удаагийнх өөр түвшнийх байлаа. Хүчээр, эрх мэдлээр дутуу Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр бохир тоглож бага хурлаараа Д.Амарбаясгаланг дарга болгон араас нь Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг “дэмжээгүйг дэмжих үү” гэх байнгын хорооны эргэлзээтэй саналаар унагаж бүх зүйлийг төлөвлөсөн ёсоор болгосон. Залуу үе цойлохыг, Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар тэднийг зад дарахыг хүсэж байв. Эцсийн зогсоол Үндсэн хууль.
Дөрөв. Хүйтрэв, халуурав
УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь нэг өдөр нэг нь чөлөөлөгдөж, нэг нь огцрохыг харсан анхны тохиолдлыг үзсэн бид Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр огцорсон Ерөнхий сайд нь эргээд эрх нь сэргэсэн үйл явдлыг ч харж амжив. Мөн УИХ, Засгийн газар хоёр нь анх удаа Үндсэн хуулийн цэц дээр маргагч талуудаар оролцсон дүр зургийг ч харсан. Ерөнхийдөө МАН-ын хагарал улс төрийн хүрээнд анхны гэх тодотголтой олон үйл явдлыг монголчуудад харуулаад амжлаа. Хаа хаанаа л сургамжтай үйл явдал өрнөв.
Гэтэл хилийн цаана монгол тамирчид маань БНСУ-ын зохион байгуулдаг “Physical Asia” шоунд оролцож Соёлын яамнаас хэдэн тэрбумаар нь төсөвлөөд эх орноо сурталчилж чадаагүй ажлыг бүтэн дэлхийд маш томоор сурталчилж орхив. Тэмцээнээ бүр дэд байраар өндөрлүүлж Монголчуудын хаана ч ямар ч нөхцөлд аргаа олдог өгөгдөл, тэсвэр тэвчээр, эр зоригийг гайхууллаа.
Энэ хооронд МАН-ын зөрчлөөс Үндсэн хуулийн том гэмт хэрэгтэн болж хувирсан Х.Булгантуяа ордоноос шөнө дөлөөр эд зүйлээ хураан гарч одов. Нөгөө талд үе тэнгийн залуу “Тимон” хүү төрсөн, төрөөгүй аавын ивээлээр МАН-ын дарга, УИХ-ын даргын албан тушаалд очлоо. Ингээд эрх баригч намын том зөрчил нэг талдаа гарч, эрх мэдлийн хуваарилалт нь ч дуусаж татварт дарлуусан далан хоёр мянган аж ахуйн нэгж, тасалдаж байгаа шатахуун, тарвалзан ядаж байгаа иргэдээ бодсон шийдвэр, алхамууд хийх нь үү гэтэл дахиад дэд сайд гэх албан тушаалын томилгоо оруулж ирэн олны дургүйцлийг хүргэв.
-Дэд сайдуудын асуудлыг мартагнатал Оюутолгойн сонсголыг ахалсан түр хорооны дарга О.Батнайрамдал ордонд уйлсан цөөн хүмүүсийн нэг энэ парламентаас сонгогдсон хоёр дахь хүн болов оо.
-Ардчилсан нам дэд сайдуудын асуудалд нийгмийн эмзэглэлийг мэдэрч улс төр хийлээ. Мэдээж дэд сайдууд томилсон шийдвэрээ буцааж тат гэж. Тэгсэн Ерөнхий сайд Г.Занданшатар хуульд заасны дагуу томилгоо хийгдсэн, хуулиа биелүүлж байна. Буцаалгамаар байгаа бол хуулиа өөрчил хэмээн амыг нь тагласан. Үүнд нь уурласан Ардчилсан намын дарга би өөрийнхөө нэр дээр Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барина хэмээв. Ээ базар дарь минь намжиж байсан улс төр эргээд буцлах нь ээ гэж байтал МАН, АН хамтарсан ажлын хэсэг байгуулан дэд сайдын асуудал төрийн ордоны урт хонгилоор уусан алга болов оо.
Хичээж, тэвчиж өнгөрүүлсэн 2025 он улирч хэт их цөхрөл дунд туучсан 365 хоног шувтарч Монголчууд бид хөгжлийн гараан дээрээ эргээд ирлээ.
2026 он минь, сайн байна уу?
Сэтгэгдэл үлдээх