Швейцарийн “Кранс-Монтана” сууринд Шинэ жилийн баярын үдэш гал гарч, ойролцоогоор 40 хүн амиа алдаж, 115 хүн хүнд болон хөнгөн гэмтэл авсан тухай Швейцарийн эрх баригчид мэдээллээ.
Гал цанын баазад нэгдүгээр сарын 1-ний үүрийн 01.30 цагт "Le Constellation" нэртэй бааранд гарсан бөгөөд нутгийн оршин суугчдын хэлснээр өсвөр насныхан ихээр цугладаг, нэр хүндтэй цэнгээний газар байжээ.
Швейцарийн Ерөнхийлөгч Ги Паремлен энэ ослыг “Манай улсын түүхэнд тохиосон хамгийн эмгэнэлт үйл явдлуудын нэг” хэмээн тодорхойлж, амь үрэгдэгсдийн ихэнх нь залуус байсныг онцолсон байна.
Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч албаныхан террорист халдлага биш, ослын шинжтэй гэж үзэж байна.
Анх дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч одоогийн байдлаар өргөн хүрээтэй гал түймэр дэлбэрэлтэд хүргэсэн байж болзошгүй гэж прокурор Беатрис Пиллу мэдэгдлээ.
Гэрчүүдийн бичлэгт гал барилгаар тархан, хүмүүс сандран зугтаж буй дүрс буусан байна.
Хохирогчид олон улсын иргэд байсан ба 8 франц хүн сураггүй, 3 хүн Францын эмнэлэгт хүргэгджээ. Италийн 6 иргэн сураггүй, 13 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Түргэн тусламж, нисдэг тэрэг тасралтгүй ажиллаж, хохирогчдыг Лозанна, Цюрих зэрэг хотын түлэнхийн тусгай эмнэлгүүдэд хүргэсэн байна.
Ирэх онд Кранс-Монтана хот Альпийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу цанын уралдаан зохион байгуулах гэж байсан бөгөөд Швейцарийн албаныхан “Ийм хэмжээний осол манай улсад урьд өмнө тохиолдож байгаагүй” гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: Ройтерс агентлаг
Сэтгэгдэл үлдээх