Сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэхэд чөдөр тушаа болсон зөвшөөрлүүдийг цуцална

Ц.Чимэдцэеэ
2026-01-02

Шинэ оны эхний өдөр УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда, ЭХЯ-ны дэд сайд С.Далхаасүрэн, ЧД-н засаг дарга Н.Мандуул, УБЦТС ТӨХК-н ерөнхий инженер Т.Мөнхболд нар Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэн Г.Ууганжаргалынд зочиллоо.

Зургаар харах бол энд дараарай.

Б.Ууганжаргалынх ЧДЗДТ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран яндангаа буулгаж, цахилгаан халаагуурт шилжих хөтөлбөрт хамрагджээ. Ийнхүү гэрээ дулаалан 2 дахь жилдээ нүүрс зөөгөөгүй, гал түлээгүй гэв. Эрүүл ахуй, аюулгүй байдал талаасаа үр дүнтэй байгаа талаар дурдаж байлаа.

Төхөөрөмж

  • 3.4 кВт нарны панел
  • 2.4 кВт халаагуур
  • 5 кВт инвертер
  • 5 кВт батарей

Нэг өрхийн хэрэглээнд 5-10 кВт хүчин чадалтай нарны панел байхад хангалттай хэмээн УИХ-ын гишүүн М.Энхцэцэг мэдээлсэн юм.

Б.Ууганжаргалынх дээрх төхөөрөмжүүдийг нийтдээ 10 сая төгрөгийн зардалтай суурилуулжээ. Харин 10 мянган айл дээрх байдлаар суурилуулбал уг зардал 7 сая төгрөг болон хэмнэх боломжтой аж.

Өмнө нь түлш, цахилгаанд 2-2.5 сая төгрөг зардуулдаг байсан бол одоо 1.5 сая төгрөг болон хэмнэгджээ.

Халаалтын улирал дуусахаар нарны панелаас илүүдэл эрчим хүчээ нэгдсэн сүлжээ рүү нийлүүлж, орлого олох боломжтой хэмээн албаныхан мэдээлж байлаа.

Тухайлбал, цахилгаан борлуулахад:

  • 07.00-17.00 хүртэл: 285 төгрөг
  • 17.00 цагаас хойш: 300 төгрөг байдаг.

Дээрх байдлаах илүүдэл цахилгаанаа борлуулснаар жилийн зардал 1 сая төгрөг болж хэмнэгдэнэ. Цаашлаад төвийн эрчим хүч, цаашлаад олон улсад нийлүүлэх боломжтой

Б.Ууганжаргалынхан техникийн хувьд ухаалаг тоолууртай байх зэрэг боломж бүрдсэн байна. Төрөөс нарны панел суурилуулахад зөвшөөрөл, техникийн нөхцөл шаарддагийг болиулна хэмээн УИХ-ын дарга Н.Учрал "ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэхэд чөдөр, тушаа болсон 14,15 зөвшөөрлийг 7 хоногийн дотор цуцална хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe