АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр 01.00 цагийн орчимд Флорида мужийн Мар-а-Лаго ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэрийг АНУ-ын тусгай ажиллагаагаар баривчилсан талаараа:
“Америкийн цэргийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, гайхамшигт, төгс ажиллагаануудын нэг” хэмээн тодорхойлж, агаар, газар, тэнгисийн хүчийг хамарсан өргөн хэмжээний довтолгоо болсон" гэв.
АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга генерал Дан Кэйн мэдээлэхдээ:
“Сүүлийн хэдэн сарын турш Мадурогийн хаана амьдардаг, юу иддэг хүртэл нарийн тагнуулын мэдээлэл цуглуулсан. 14.01 цагт Мадурогийн ордонд хүрч, бүсэлсэн. Тэнд очмогц нисдэг тэрэгнүүд рүү буудсан тул асар хүчтэйгээр хариу цохилт өгсөн. Агаараас хамгаалах системийг бүрэн устгасны дараа Мадуро болон түүний эхнэр эсэргүүцэлгүйгээр бууж өгсөн” гэжээ.
Мөн нэг нисдэг тэрэг оногдсон ч АНУ-ын бүх агаарын хөлгүүд аюулгүй буцаж чадсан тухай дурдсан юм.
Мадуро болон түүний эхнэрийг АНУ-ын Хууль зүйн яамны харьяанд хүлээлгэн өгсөн бөгөөд 16.29 цагт USS Iwo Jima хөлөг онгоцонд суулгасан байна.
Тэднийг Нью-Йоркийн Өмнөд дүүргийн Холбооны шүүхэд ирэх долоо хоногт, магадгүй даваа гарагт шүүн хэлэлцэх юм байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио:
“Мадуро бол хууль ёсны Ерөнхийлөгч биш. Түүнийг Европын холбоо болон олон улс хүлээн зөвшөөрдөггүй. Тэр бол Америкийн шударга ёсоос оргон зайлсан этгээд. Мадуро Ираныг улсдаа оруулж, АНУ руу гэмт бүлэглэлийн гишүүдийг оруулж ирсэн” гэж мэдэгдэв.
Мөн Доналд Трамп:
“АНУ одоогоор Венесуэлийг зохистой системд шилжих хүртэл удирдана. Хэрэв шаардлагатай бол хоёр дахь, илүү том довтолгоонд бэлэн байна” гэж анхаарууллаа.
АНУ-ын Тагнуулын төв газрын (CIA) Венесуэлийн засгийн газрын доторх эх сурвалж Мадурогийн байршлыг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг CBS News мэдээлжээ. Уг ажиллагааг олон сарын турш нарийн төлөвлөсөн байна.
Дээр дурдсан цагуудийг АНУ-ын цагийн бүсчлэлээс Улаанбаатарын цагийн бүсчлэлд хөрвүүлсэн болно.
Сэтгэгдэл үлдээх