Одоо яах уу?

.Graph
2026-01-05

Ашгүй УИХ-ын намрын чуулган тарж Ардчилсан намын ойлгомжгүй улс төрд, МАН-ын дэд сайдуудын томилгоонд амьсгаа авах хугацаа олголоо. Уг нь дэд сайдуудын томилгоонд их л дургүйцэж Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээрээ тулчихсан байсан Ардчилсан намынхан хамтарсан ажлын хэсэг байгуулаад таг чиг болов. Бүхий л улс төр эцэстээ тохироод салдаг юм даа гэж.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “харизма” байхгүй ч голчтой улс төрч юм болов уу хэмээн олон хүн харж байгаа энэ цаг үед хийж буй улс төр нь нэг л явцгүй байгаад байдаг. Яг нэг зүйлийг барьж аваад эцсийг нь үзэхгүйгээр юм юм руу үсчээд байдаг хүн шиг л. Ямар нэгэн асуудал дээр сөрөг хүчин шиг хөдөллөө дөө гээд харж байтал таг болоод эсвэл ярихаас өөр шидгүй дуусчхаад байх юм. Мэдээж түүний энэ барин тавин улс төрд эрх баригчид хамгийн ихээр сэтгэл хангалуун байгаа нь тодорхой. Эсвэл түүнийг албаар барин тавин байлгаад байгаа ч байж мэдэх юм. Хэрвээ Ерөнхийлөгч өөрийг нь сөрөх гэж оролдсон Л.Оюун-Эрдэнийн талд оролгүй голыг нь олоод наашаа налах юм бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сул өрсөлдөгч тавьж өгье гэх яриа гарсан гэдэг нь үнэн бол тэр цагаас эсвэл түүнээс ч өмнө алим харсан илжиг шиг хууртаж явсаар ирсэн байх. Түүнээс хойш улс төрийн олон эргэлт гарч төлөвлөгөө хэд хэд өөрчлөгдсөн учраас Ерөнхийлөгчийн амлалт замхрах гээд байж ч магадгүй. Ямартай ч түүний яриад байдаг давхар ялалт авах магадлал цагийн аясаар чангарч эхэлж байна. Учир нь өлбийсөн улс төр хийж өөрөө ч түүндээ зовж байгаа түүнийг тойрон байгаа намынхан нь ч ойлгохоо больж эхэлсэн сурагтай. Төрийн эрх олон жил атгаад тоглоомын дүрмээ ойлгочихсон эрх баригчдын ухсан нүхэнд уначих гээд бүр унах унахдаа намын гайгүй яваа улс төрчдөө чирч уначих гээд байгаа болохоор тэр биз.

Дэд сайдуудын асуудал дээр хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэрийг нь зөвшөөрсөн Ардчилсан нам нийгэмд тэнэгийн дээд болж харагдав. Эрх баригчид дэд сайдуудын асуудлыг чуулган завсарлах дөхсөн үед гэнэт оруулж ирэн хэсэг гүрийж сууж байгаад чуулган хаах өдрийн өмнөхөн тийчлээд байсан Ардчилсан намыг хамтарсан ажлын хэсэг байгуулъя хэмээн урхидаад хугацаа хожиж эхлэх нь тэр. Энэ асуудал дээр сүрхий дуу гаргаж Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлээрээ тугаа хийж явсан Ч.Лодойсамбуу, Б.Пүрэвдорж, Ш.Бямбасүрэн, Д.Ганбат нарын гишүүд ч сарнин одсон. Хамтарсан ажлын хэсэгт нь орсон гэдгээ зарлах үед Ц.Баатархүү болон С.Эрдэнэболд нараар туг тахив. Сүрхий царайлж байсан хүмүүс юу гээд л тэнд зогсохыг хүсэх вэ. О.Цогтгэрэл өөрөө ч үзэгдээгүй юм чинь. Мэдээж тэр ажлын хэсэгтээ орооч ээ гэж санал тавихад нь оръё гэдэг шийдвэрийг намын дарга болон бүлгийн даргын албан тушаалыг хамт хашиж байгаа О.Цогтгэрэл л гаргасан байж таарна. Тэгчхээд гарч ирээд ярилгүй намынхаа хэдэн нөхдийн нүүрийг түлж байгаа нь улс төрчийн хувьд манлайлагч байх чадамжгүй гэдэг нь харагдлаа. Одоо энэ ажлын хэсэг хэдэн сар ажилласан болоод ер нь энэ төрийн компаниудын давхардал л гол асуудал байсан юм байна. Бид шалгалт хийж ажиллаад орон тооны давхардлыг нь арилгалаа гэж мэдэгдэл хийгээд дэд сайдууд ажилтайгаа үлдээд дараагийн сонгууль хүртэл явна. Дэндүү тодорхой улс төрийн явц. Хамтарсан ажлын хэсэгт орсноороо Ардчилсан нам зүгээр л дэд сайдуудыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн явдал байлаа. Харин тэд эрх баригчдаас хариуд нь ямар амлалт авсан бол гэдэг л сонирхол татаж нууц хэвээр үлдэж байна.

Одоо яах уу?

О.Цогтгэрэлд намынхан нь тун ч ам сайтай байгаа. Гэхдээ энэ мэт үйлдэл нь олон давтагдах юм бол тэд ч гэсэн улс төр хийж урт наслах тухай бодож байгаа хүмүүс ам нь муудаж өөр арга хайж таарна. Тийм учраас яг одоогоор чуулган завсарлаж улс төр унтаж байх хойгуур одоо яах вэ гэдгээ сайн бодож, төлөвлөхгүй бол дээр дурдсан шиг давхар ялалт нь давхар уналт болох вий. Сөрөг хүчин эрх баригчидтай тохиролцоод, хамтраад ирэхээр л ямар их нийгмийн эсэргүүцэл хүлээж авдаг вэ гэдгийг Л.Гантөмөр даргын хамтарсан засагт орсон үе эргэн сануулдаг. Цомхон төр ярьж гарч ирсэн Ерөнхий сайд Г.Занданшатар том төрийг бий болгож байгаа энэ үеийг сөрөг хүчин мартаж болох ч олон нийт мартахгүй. Сэтгүүлчид ч гэсэн олон нийтэд эргэн сануулсаар байна байх. Тийм учраас одоо яах уу гэдгээ сайн бодох л хэрэгтэй дээ. Гарч чадахгүй ацан шалаанд орчоогүй ч гарах хэрэгтэй улс төрийн үйл явцад хутгалдчихаад сууж байгаа түүний одоогийн нүүдэл цаашдын замналд нь тун ч чухал байх болно. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe