Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш АНУ-ын цэргийн хүчийг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ. Түүний засаг захиргаа 2025 онд Африк, Ойрхи Дорнод, Өмнөд Америкийг хамарсан долоон улсад нийт 622 удаа дайралт хийсэн байна.
Йемен улс нэгдүгээр сарын 12-ноос тавдугаар сарын 6
АНУ-ын нисэх хүчин Йемен улс дахь хуситуудын байрлалд цохилт өгсөн бөгөөд Улаан тэнгис дэх худалдааны хөлгүүд рүү 100 гаруй удаа халдсан байна. Халдлагын улмаас хотын дэд бүтэц сүйдэж, 100 гаруй энгийн иргэн амиа алдаж, 247 хүн шархадсан хэмээн Йемений Эрүүл мэндийн яам мэдээлсэн.
Сомали улс хоёрдугаар сараас 12 дугаар сар
Африк дахь террорист бүлэглэл болох al-Shabaab болон ISIS-Somalia-г бууруулах зорилгоор тус улсад ойролцоогоор 111 удаагийн дайралт хийсэн. Эдгээр бүлэглэлүүд нь Сомалид шариатын хатуу дэглэм тогтоох зорилготой террорист бүлэглэл юм. Энэхүү бүртгэгдсэн тоо нь өмнөх Ерөнхийлөгчид болох Жорж Буш, Барак Обама, Жо Байдены засаг захиргааны үед хийгдсэн халдлагын тооноос давжээ.
Ирак улс гуравдугаар сарын 13
АНУ Иракийн Аль-Анбар мужид агаарын цохилт өгч, Исламын улсын террорист бүлэглэлийн дэд удирдагчийг хөнөөсөн. Мөн АНУ 2024 онд Сири дэх "ISIS"-ын баазуудад цохилт өгснөөр тус байгууллагын 35 ажилтан амиа алдсан удаатай.
Иран улс зургаадугаар сарын 22
Энэ оны эхээр Иран Израиль хоёр улсын хоорон дахь мөргөлдөөний үеэр АНУ Ираны гурван цөмийн байгууламж руу агаараас цохилт өгч, Натанз, Исфахан, Фордоу зэрэг хотыг онилсон. Энэ үеэр мянга гаруй Иран, 28 Израиль иргэний амь үрэгдсэн. Зургаадугаар сарын 22-нд Трамп Иран, Израилын хооронд гал зогсоох хэлэлцээрийг баталснаар дайныг дуусгавар болгосон.
Сири улс 12 дугаар сарын 19
Сири улс АНУ-ын хоёр иргэний аминд хүрсэн халдлагын хариуд Сирийн 70 байрлалд хариу цохилт хийсэн . Энэхүү цохилт нь тус улсын зэвсгийн агуулахыг шатаасан юм. Тухайн үед Трамп Truth Social хаягтаа "АНУ амласан ёсоороо харгис хэрцгий террористуудад маш ноцтой хариу арга хэмжээ авч эхэлснийг үүгээр зарлаж байна" гэж бичсэн байдаг.
Нигери улс 12 дугаар сарын 25
Нигерт үйл ажиллагаа явуулж буй Исламын улс (IS) бүлэглэлийн эсрэг АНУ агаарын цохилт өгсөн талаар Вашингтоны албаны эх сурвалжууд мэдээлсэн. АНУ-ын агаарын хүчин Нигерийн зүүн хойд хэсэгт байрлах “Исламын улс – Баруун Африкийн салбар” (ISWAP)-ын байршлуудыг онилсон юм. Одоогоор цохилтын улмаас учирсан хохирол, хохирогчдын талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байна. Нигерийн эрх баригчид ч мөн ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байна.
Венесуэл улс 12 дугаар сар
АНУ-ын цэргийн хүчин энэ амралтын өдрүүдэд Венесуэлийн нутаг дэвсгэр дэх усан онгоцны зогсоол руу томоохон хэмжээний цохилт өгч, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурог эхнэрийнх нь хамт баривчилсан. Ажиллагаа амжилттай болсон тухай Трамп "Truth Social" хаягтаа жиргэсэн юм. Мөн “АНУ Венесуэлийг зохистой системд шилжих хүртэл удирдана. Хэрэв шаардлагатай бол хоёр дахь, илүү том довтолгоонд бэлэн байна” гэж анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх