П.Баяр: АМНАТ бол олон улсад өрсөлдөхүйц байдлыг хангах хөшүүрэг

Ц.Чимэдцэеэ
2026-01-07

Манай улсын экспортын орлогын 90, төсвийн орлогын 30-40 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл, цаашдын хөгжлийн талаар Хуульч, дипломатч П.Баяртай ярилцлаа. 

-Стратегийн ордуудын 34 хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших зохицуулалт үнэхээр үр дүнтэй эсэхэд эргэлзээ байдаг. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Үүнийг ярихын тулд уул уурхайн түүх, эдийн засаг нь хөгжиж байгаа олон оронд хэрэгжсэн төслүүдийн түүх бол маш их мөнгө, цус, нулимсаар бүтсэн байдгийг дурдах хэрэгтэй. Тэр кэйсүүдийг бид нар судалж үзэх ёстой.

Жишээлбэл, Индонези улсад манай Оюу толгой шиг төсөл байдаг юм. 50 жил хэрэлдээд л явж байна. 1972 онд анх эхлүүлсэн зэс, алтны том уурхай.

Тэнд хувийн хэвшил нь үйл ажиллагаа явуулж байсан ч төр байнга гэрээгээ өөрчилье, байгаль орчны, усны, татварын, АМНАТ-ийн асуудал гээд байдаг байсан. Явсаар байгаад 2017 онд төр нь 51 хувиа авчхаж байгаа юм. Гэтэл дахиад л энэ компани болохгүй байна гээд засаг нь гомдоллоод, одоо ч маргаан нь дуусаагүй явж байгаа.

Тэгэхээр энэ Оюу толгойн жишээн дээр давтагдаад байгаа харагдаж байна. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас нь хойш ярихад л өнөөдөр 16, 17 жил болох гэж байна. Нөгөө асуудлууд яригдсаар л байна. 2015 онд Дубайн гэрээ байгуулсан. Дараа нь түүнийгээ цуцалсан, дахиад 2, 3 тэрбум долларын өрийг нь тэглүүлсэн, одоо энэ Онтрегийн асуудал. Ингээд нэг асуудал гарч ирлээ, залгаад дараагийн асуудал шийдэлгүйгээр явж ирсэн.

Энэ хооронд Монгол Улсын хууль тогтоомж яаж өөрчлөгдсөнийг харах хэрэгтэй.

2006 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсан. Энд анх стратегийн ач холбогдол бүхий орд гэдэг ойлголт орж ирсэн. Үүнтэй зэрэгцээд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль гээд 68 хувийн татварын хууль батлагдсан. 

2017 онд 16 ордыг УИХ-ын тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий орд болгоод авсан. 

Ингээд уул уурхайд төрийн оролцоо нэмэгдээд эхэлсэн.

За, стратегийн ач холбогдол бүхий орд гэдгийг юу гэж тодорхойлсон бэ гэхээр үндэсний аюулгүй байдал, эдийн засагт онцгой нөлөө үзүүлэх ДНБ-ий 5 хувиас дээш бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа эсвэл үйлдвэрлэж болохуйц төсөл гэчхэж байгаа юм. Тэгэхээр тэнд бүр 5 хувьд хүрээгүй хүрч болохуйц гэдэг ангиллаар ямар ч төслийг стратегийн ач холбогдолтой гэж хамруулаад, төр тэнд нь хувь эзэмшиж болохоор байгаа юм.

Хамгийн сүүлд 2024 онд Баялгийн сангийн тухай хууль батлагдахад, Ашигт малтмалын хууль дагалдаад өөрчлөгдсөн. За энд бол төр өөрийн оролцоо, хувь эзэмшлээ бүр нэмэгдүүлсэн. Төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордод болон үүсмэл ордод гэж нэмээд, 50 хүртэлх хувь эзэмшинэ. Нөгөө талд хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордод 34 хүртэл хувийг эзэмшинэ ээ гээд орчихсон. 

Мөн стратегийн ач холбогдол бүхий ордын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээд нийт хувьцааны 34-өөс дээш хувийг дангаараа эсвэл хамаарал бүхий этгээдтэй хамтран эзэмшиж эзэмшихийг хориглосон. Өөрөөр хэлбэл, хувийн компанийн хувь эзэмшлийг тухайн компанийн хувьцааны нийт хувьцааны гуравны нэгээр нь хязгаарлачхаж байгаа юм. Ерөөсөө л төр өөрийнхөө хувь оролцоог цаашдаа 66 хувь буюу гуравны хоёр хүргэнэ ээ гэсэн концепц батлагдчихсан.

Жишээлбэл, өөрийнхөө хөрөнгөөр хайгуул олборлолт хийгээд уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа компани нийт хувьцааны гуравны нэгээс дээш эзэмшиж болохгүй ээ гэхээр чинь наад зах нь удирдах зөвлөлийн 9 гишүүний 3 нь л тэр компанийнх байгаа байхгүй юу. Тэгэхээр гадаадын байтугай дотоодын ч хөрөнгө оруулагч орж ирж, хөрөнгөө оруулж, уул уурхайн салбарт ажиллахгүй ээ гэсэн үг.

Өнөөгийн хууль, эрх зүйн орчин төрийн оролцоог маш өндөр түвшинд болгочхоод байна.

-Тэгэхлээр энийг цаашдаа ер нь яаж засаж залруулбал зүгээр юм бол?

-Нэгдүгээрт, төрийн оролцоог бууруулах хэрэгтэй. Сая хэлсэн өөрчлөлтүүдийг бүгдийг нь буцаах хэрэгтэй. Хувийн хэвшил өөрийн хөрөнгөө оруулаад төсөл хэрэгжүүлж байгаа бол 100 хувь л эзэмших эрхтэй байх ёстой шүү дээ. Тэгж байж төр төсөл явна шүү дээ.

Нөгөө талдаа төр ард түмэнд хүргэх өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлээр л ажиллах ёстой. Тэр нь татварын оновчтой бодлого, АМНАТ-ийн оновчтой одоо хувилбар. АМНАТ-ийн суурь нь ямар байвал хөрөнгө оруулагч илүү орж ирэх, олон төсөл хэрэгжих, урт хугацаандаа ашигтай байх гэдэг бодлого шийдлээ гаргаад, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ажлыг л хийх ёстой.

Харин төр хувь эзэмшээд, оролцоод хөгжчихсөн жишээ бол бараг байхгүй.

-Зарим улс төрчид төр өндөр хувь эзэмшихээр иргэд өндөр өгөөж хүртэнэ,  төр баялагтаа эзэн байх ёстой гэж ойлгуулаад байдаг. Сүүлд Онтрэгийн эзэмшлийн хоёр тусгай зөвшөөрөл дагасан асуудлаас бас харагдаж байсан.

-2024 оны дөрөвдүгээр сард Баялгийн сангийн тухай хууль баталсан. Үүнд Баялгийн сангийн үндсэн орлогын суурь нь стратегийн ач холбогдолтой ордоос орж ирэх орлого гээд хуульчилчихсан.

Ингэхээр цаашдаа улс төрчдийн попрох сэдэв нь олон ордыг стратегийн ордод хамааруулж байж, орлого баялгийн санд илүү орно, ард түмэн та нарт мөнгө ирэх гээд байна гээд нийгэмчлэх бодлогоо явуулах одоо хөшүүрэг болсон. 

Энэ замаар л явж байгаа байхгүй юу. Жишээлбэл, энэ Онтрэгийн асуудал дээр бид нар 34 хувиа авч байж л Баялгийн сан мөнгө ороод, эргээд та нар хүртэх гээд байна аа гээд яриад байгаа.

Энэ бол бүр буруу. Яагаад гэвэл өнөөдөр ингэж ярьж байгаа ч гэсэн гадна талд байгаа хөрөнгө оруулагчдад “Өө за, эд нар бол ерөөсөө ямар ч байсан доод тал нь 34, дээд тал нь 50, цаашлаад 66 хувийг ер нь авна аа гэж байгаа юм байна” гэж ойлгогдоно. Тэгэхээр хөрөнгө оруулагч нар Монголд орж ирэхгүй ээ л гэсэн үг.

Одоо зарим гишүүд нь Оюу толгойн 34 хувийг буцаагаад зарчихъя гээд ярьж л байна. 

Гэтэл дахиад Онтрегийн 34 хувийг нь авч яах гээд байгаа юм. Төр тэр хүний хувийн өмчийг үнэгүй авна гэж дайрч байгаа чинь өөрөө гэмт хэрэг биз дээ?

Дээрээс нь иргэдэд тэр өгөөж хүрэх үү гэвэл эргэлзээтэй. Оюу толгойн жишээн дээр ярихад, 34 хувьдаа өр л ирсэн шүү дээ. Тэрийг нь Оюу толгой нэг удаа хүчингүй болгосон. Дараагийн удаа болгох уу, үгүй юү бид нар мэдэхгүй шүү дээ.

Тэрний оронд 34 хувиа болиод, оронд нь АМНАТ-ийн зөв бодлого, татварын зөв бодлого, хөрөнгө оруулалтын гэрээгээрээ хоёр тал тэг шударга үр өгөөжөө тохироод, явж болох нөхцөлийг л бүрдүүлэх ёстой.

-Төр хөрөнгө оруулагчдаа татна гэх мэтээр удаа дараа бодлогоо зарлаад, төлөвлөгөө, хөтөлбөртөө тусгачихсан. Гэтэл яг ажил хэрэг болохоороо эсрэгээрээ эргээд байна. Энэ дээр зөвлөж байгаа хүмүүс нь дутуу байгаад байна уу, мэргэжилтнүүд та бүхний оролцоог бас хангахгүй байгаад байна уу?

-Яг үнэн. Жишээ нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа зарим нэг хуулийг дагалдуулаад оруулчихдаг гэх мэтээр энэ хуульд нийт 44 удаа нэмэлт, өөрчлөлт орсон.

Энэ болгоноор зарим сайн зүйл байгаа. Харин дийлэнх нь ухарсан, урагшаа биш хойшоо алхсан нэмэлт, өөрчлөлтүүд орсон.

Зөвхөн АМНАТ-ийг онцлоод ярихад татвар мөн, биш гээд онолын маргаан байсан.

Яг шүүхээр энэ бол татвар биш гээд ноднин Энэтхэгийн Дээд шүүхийн есөн шүүгч сууж байгаад шийдсэн.

Үүнд уул уурхайн рояалти(royalty) буюу АМНАТ бол газрын хэвлийн баялгаа ашиглуулаад, авч байгаа түрээстэй адилхан төлбөр юм аа. Тийм учраас татварын бодлогоос тусдаа явах ёстой гэсэн.

Мөн энэ дээд шүүхийн шийдвэр дээр маш чухал нэг зүйлийг онцолсон байсан нь АМНАТ нь тухайн орны хэрэгжүүлж байгаа уул уурхайн төслийн олон улсад өрсөлдөхүйц байдлыг хангах хөшүүрэг юм байна аа гэж тодорхойлсон.

Энэ бол маш гайхалтай хуулийн дүгнэлт хийчихсэн байгаа юм.

Тэгэхээр бид тухайн компани, уул уурхайн төслийг дарамтлах, тэндээс юм хүртэх гэдэг утгаараа биш, харин тэр уул уурхайн төслийг дэмжээд, урт хугацаанд үр ашигтай ажиллуулах хөшүүрэг болгож ашигламаар байна.

Татвар гээд ярьсных 2023 онд бас ААНОАТ-т өөрчлөлт ороод, Монгол улсад үйл ажиллагаа явуулж, орлого олж байгаа гадаад хуулийн этгээдэд 20 хувийн татвар ногдуулдаг болчихсон. Үүн дээр нь АМНАТ-ийн үндсэн 5 дээр нь өсөн нэмэгдэх буюу баяжмал гээд бодоход 15, ингээд 20, НӨАТ-ын 10, усны төлбөр, байгаль орчны төлбөр зэргээр 50 гаруй хувийн татвар төлөх нөхцөлөөр хөрөнгө оруулагч орж ирнэ гэж хэлэх ямар ч боломжгүй болчхоод байгаа байхгүй юу.

Тэгэхээр таны хэлснээр бид нэгэнт хөрөнгө оруулагчдыг урья, дуудъя, татъя, эдийн засгаа либералчилъя гэж байгаа бол яг бодит үйлдлээрээ л харуулах хэрэгтэй.

Хуульдаа оруулсан төрийн оролцоог бууруулаад, хувийн хэвшлийн хувь эзэмшлийн оролцоог хязгаарласныгаа цуцлаад, Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ) томилдог хуулиа хүчингүй болгоод, татварын хувь хэмжээгээ эргэж хараад, АМНАТ-өө олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд байлгаад ирвэл гадаадын хөрөнгө оруулагч хүссэн хүсээгүй урьсан ороод л ирнэ.

-Эдийн засгийн зарчмаар гэсэн үг байх?

-Эдийн засгийн зарчмаар гэхээсээ илүү олон улсын барьж байгаа зарчим, зүй тогтол. Ямар нэгэн юм чинь зүй тогтол байгаа шүү дээ, учир шалтгаан, үр дагавар гээд. Энэ олон улсын жишгээрээ явна гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe