Хаа хаанаа хаад

Б.Энхтулга
2026-01-08

Х.Нямбаатарын баруун, солгойгүй мөнгө цацаж буйг, У.Хүрэлсүхийг дарангуйлагч болох замаа угсарч суугаа гэдгийг зарим хэвлэлийн байгууллага болон хувь хүмүүс бичиж, шүүмжилж эхэлжээ. Сайн байна гэж магтах нь ч хаашаа юм. Гэхдээ олж харсан нь сайн хэрэг.

Х.Нямбаатар анх томилогдсон өдрөөсөө л олны дургүйг хүргэж олон хэл ам дундуур туучсаар ирсэн. Энэ хугацаандаа төрийн мөнгийг өөрийн мөнгө шиг л урд хөрш рүү урсгаж, хөрөнгө оруулалт хийсэн. Замын гол дахь хашлагаас эхлээд явган хүний замын хавтан, замын хажуугийн бродюр, саарал автобус, барилгын төслүүд дэх хятад компани, цэцэрлэгт хүрээлэнгийн газраас тасалж өгөөд хятадуудаар “Үндэсний их театр” бариулах ажил гээд л. Ойролцоо бас үнэ хямд гээд сонгоод байна уу, эсвэл өөр ид шид үйлчлээд байна уу гэлтэй. Гэхдээ бас бүх мөнгөө урагшаа зөөгөөд байгаа ч биш юм шиг. “Бодь” гэж улс төрийн өрнөлөөс гарч өгдөггүй, ялангуяа Л.Оюун-Эрдэнэтэй холбогдож явдаг гайхал групп рүү өгөхөө мартаагүй байж. Яг орон нутгийн сонгуулийн үеэр нийслэлийг камержуулах нэрийдлээр 39 тэрбум төгрөгийг охин компани руу нь шилжүүлжээ. Үүнийг нь цэвэр мөнгө угаалт байсан хэмээн ХҮН намын нийслэлийн сонгуулийн хороог ахалсан Э.Золзаяа гэх бүсгүй шүүмжлээд амжсан. Нөгөө харанхуйд хажууд нь лаа бариад зогсож байсан гэдэг шиг л итгэлтэй бичсэн харагдана лээ. Сонгуульд өрсөлдөгчийн хувиар оролцсон хүмүүст элдэв үг ирдэг л байлгүй. Хоёр мянган цахилгаан такси ярьж ээлжит олны дургүйцлээ хүргэсэн Х.Нямбаатарын хотыг захирах хугацаа тийм ч их үлдээгүй бололтой гэсэн явган яриа ч гарч эхлээд байна. Түүний найз Л.Оюун-Эрдэнэ нэгэн цагт байсан шигээ ахын хайрыг татсан хүчирхэг хүн байхаа больж усанд хаясан чулуу шиг алга болсон. Тийм учраас Х.Нямбаатарыг хотод удаан хараад байх шаардлага ах нарт нь ч байхгүй болоо биз. Угаас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хотод өөрсдийнх нь талын хүн хэрэгтэй гэдгийг ноён У.Х тэргүүтэй хүмүүс тооцоолчихсон байгаа нь тодорхой. Цэнгэлдэхийн гадна Г.Занданшатарын зөвлөх Х.Нямбаатартай маргалдаж байгаа дүр зургаас явуулах цаг нь ойртсон байна гэдгийг таамаглаж болохоор. Төрийн тусгайн тэр олон хамгаалагчтай явдаг хүн рүү энгийн хүн байтугай тайлбар авах эрх мэдэлтэй сэтгүүлч бид ч тав алхам ойртож чаддаггүй. Дөхөөд очихоор эгээтэй л өчөөд унагачих гээд эвгүй дүртэй хүмүүсээр хүрээлүүлсэн хүний хажууд хээв нэг алхаж очоод гар барингаа хажуудахтай нь хэрэлдэж байна гэдэг нэг л учиртай. Г.Занданшатар ч гэсэн хоёр найзынхаа дунд хор хутгаж байгаад хэрэлдүүлээд бахаа хангаж байгаа аятай харж зогсоо нь бас л учиртай. Мань хотын дарга ч гэсэн өөрөө өрнөлийг аль эрт ойлгочихсон одоо яасан ч яадаг юм гэсэн аятай хүн болгоныг чи муу тролл, төлбөртэй гүтгэгч хэмээн зандарч яваа. Ямар ч байсан унахаасаа өмнө урд хэддээ тохирсон ажлуудаа бүтээж өгөөд сална гэж байгаа аятай ч ажиглагдах болсон. Хэрвээ хотын даргаас буух юм бол түүний улс төрийн замнал хэцүүдэж ирнэ. Сонгинохайрханчууд нь УИХ-д дахиад сонгоно гэдэг юу л бол. Гэхдээ ч Сонгинохайрханд мөнгөтэй дээрээс нь МАН гэсэн тугтай л бол нохой ч дэвшсэн гарахаар гэсэн хошин үгийн цаана нуугдсан үнэн байдаг. 2028 онд гараад ирж мэдэхээр л. 2028 он хүртэл хоёр жилийн хугацаа байна юу ч болоо билээ дээ гэж. Энэ цагийн дийлдэшгүй эрх, дархтан хотын коммунист хаан гэж өөрийгөө төсөөлдөг дарга минь биднийг орхин одох нь цаг хугацааны асуудал байж магадгүй л юм.

Масс руу чиглэсэн “пи ар” хийсэн нь Х.Нямбаатарын алдаа юу?

Хоёр жил гаруй хугацаанд хотыг удирдаж явсан хүний хувьд зөв гаргалгаа гаргаж жаахан ардчилсан байдлаар хотоо удирдсан бол нуруунаас нь хүйтэн мэсээр хайраад байгаа ах нарынхаа өөдөөс маасайгаад сууж байх боломж түүнд байлаа. 1.7 сая иргэнтэй хотын иргэд харин ч хоёр жил гаруй хугацаанд түүнийг хангалттай харж, сайн тэвчсэн. Гэвч ТҮЦ-ээ ачиж, журам нэмж, татвараар чангалж, бродюр шахаж, хятадын нүүрс тулгасан. Хариуд нь хэцүү үед нь иргэд дэмжих нь битгий хэл түлхээд явуулна. Яг л Венесуэлийн иргэд Ерөнхийлөгчөө өөр улсын тусгай хүчинд баригдаад явах үед гаргаж байгаа шиг. Гялтайх юмтай шүү гээд өмөөрөх гэхээр болж өгдөггүй хүн юм. Биш ганц гялтайх юм нь маш сайн хэрүүлч юм байна. Үг үлдээхгүй маргалдана. Үүнийг нь олон хүн үзээд тасалж шэйр хийгээд байхаар дуртай байна гэж буруу ханд аваад байсан юм шиг. Аливаа зүйлийн учрыг сайн ойлгодоггүй, тойргийнх нь УИХ-ын гишүүн бүх зүйлийг хийх ёстой. Тэр ч байтугай хорооноос идэх юм өгөх ёстой гэж ойлгодог, олны хэллэгээр “хар масс” гэж хочилдог мань мэтэд түүний пи ар их хүрээд байгаа бололтой дог. Мань хэд яах вэ дээ хэрүүл уруул, хар муу зүйлд нүд нь сэргэж чих нь сортолздог хүмүүс зүгээр л сонирхож л байхгүй юу. Түүнээс дурлаад учиргүй Х.Нямбаатарт хайр зарлаад байсан зүйлгүй дээ. Унахад нь дагаж баярлаад л сууж байна. Масс юм чинь. УИХ-ын гишүүн, сайд хийж явахдаа л хотын дарга маань ааш муутай хэг ёог хийсэн хүн байсан гэдгийг нь улс төрийн хүрээний үйл явдал сурвалжилдаг сэтгүүлч нар сайн мэдэх байх. Тэр имижээрээ л туучна гэж бодсоны хар бодол. Хаан болж амжилгүй толгойг нь хага цохих нь.

 

Хаадын хаан У.Хүрэлсүх...

Төрийн ордонд гал тавьж, хүн зодож, намын тугаа урж явсан офицер У.Хүрэлсүх урдуураа улаан хөлт алхуулахгүй нь ээ. Монголын улс төрд байж болох бүхий л том албан тушаалыг хашиж явсан тэрээр одоо Монголын хаан болчхоод сууж байгааг бид нүдээрээ харж байгаа ч олон юм ярихаас цааш юу ч хийж чадахгүй сууж байна. Ордонд улс төрчид салхин доогуур нь алхахаас цээрлэдэг гэх. Өөрийн намаа сөрөг хүчинтэйгээ өсөж, уруудаж яваа бүх улс төрчидтэй нь хамт өрж тавьж байгаад улс төрийн нүүдэлдээ ашигладаг. Хайртай дүү нь байсан ч хамаагүй замд нь хөндөлсөж л байвал өчиггүй нам дардаг түүний энэ араншин цэргийн хатуужлаас нь эхтэй байх. Ард түмний олонхоор сонгогдоогүй Ерөнхийлөгч ард түмний хайртай хүү гэж өөрийгөө эндүүрдэг. Ахиад бас Ерөнхийлөгчөөрөө үлдчих санаа агуулсан гэдгийг Л.Оюун-Эрдэнэ өөдөөс нь сарвалзаж байхдаа яг ч өөрийн амаараа хэлчхээгүй ч ойр дотнын хүмүүсээрээ хэлүүлээд амжсан. Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийг дахиад нэг удаа сонгодог болго гэж шахаад амар заяаг нь үзүүлдэггүй байсан гэж ордны сүнсгүй хэд шивнэж ярьдаг. Сөрөг хүчний дарга О.Цогтгэрэлийг удирдаад байдаг юм уу эсвэл хуураад байдаг юм уу ямар ч байсан өөрийн хүссэнээрээ хөдөлгөөд л байгаа юм. Энэ цаг үеийн хамгийн хүчтэй улс төрчийг нэрлэ гэвэл миний л хувьд ямар ч эргэлзээгүй У.Хүрэлсүх гэж хэлнэ. Ийм болтлоо ч өөрийн тойргоо чангалж чадсан байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагахаас эхлээд л үүнийгээ харуулж эхэлсэн. Чуулганд шөнө дөлөөр орж ирэн 126 гишүүнийг хүний, өөрийн гэлтгүй загначхаад гарч явна. Ерөнхий сайдаар өөрийнхөө тамгын газрын даргыг тавина, УИХ-ын даргаар өөрийнхөө хуурай хүүг, агентлагуудын даргаар найз, дүү гээд ойрын хүмүүсээ өчиггүй томилно. Монгол Улсыг нэг компани гэж үзвэл У.Хүрэлсүх одоогоор ТУЗ-ын дарга болчихсон халаа, сэлгээ бүхнийг шийдэж байна. Хэнийг томилсон, томилж байгаа гэдгийг тэртээ тэргүй олон нийтэд ил байгаа учраас энд бичих илүүц биз. Уг нь эв нэгдлийг хангаж намаасаа татгалзан төвийг сахих үүрэгтэй хүн л дээ. Түүний энэ чимээгүй дарангуйлал, тойргоо тэлж байгааг бид харж суух зуур бас Ард нийтийн санал асуулга гээд УИХ-ыг тарааж нэг хүний тогтолцоо руу шилжих сонирхолтой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл гарч ирлээ. Тэдний дэмжлэг бүтэх юм бол 1945 оноос хойш 80 жилийн дараа хоёр дахь ард нийтийн санал асуулга явагдах нь. Гэхдээ сонгуулийн насны 800 мянгаас дээш хүний санал автлаа бас өдий. Дээрээс нь УИХ-аар орж хэлэлцэгдэнэ. Гэхдээ л энэ үйл явц нэг зүйл хэлээд байх шиг. МАН сонгууль дөхөөд ирэхээр яаж ч будилуулж чаддаг нам шүү дээ. Бид ямартай ч монголдоо У.Хүрэлсүх, Улаанбаатар хотдоо Х.Нямбаатар гэдэг албан бус хаадтай болоход 🤏 иймхэн зай л үлдээд байна даа. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Шал худлаа хуцдаг төрийн хутгуур төмрийн баас !!!

Зочин

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe