Төрийн захиргааны албан хаагчдад холбогдуулан өнгөрсөн онд АТГ-т 482 гомдол, мэдээлэл бүртгэгджээ

Ц.Чимэдцэеэ
2026-01-09

Нийслэлийн татварын газрын дарга болон долоон дүүргийн хэлтсийн дарга чөлөө, зөвшөөрөл аваагүй, дур мэдэн Дубайд аялж яваа мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан баталсан.

Уг албан хаагчид нь

  1. Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар
  2. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга Э.Энх-Очир
  3. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга Б.Баатар
  4. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн дарга Н.Туул
  5. Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр
  6. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн дарга Б.Энхтогтох
  7. Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Г.Сүрэнтамжид
  8. Налайх дүүргийн татварын хэлтсийн дарга Н.Алтанцоож нар юм.

Нийслэлийн татварын газрын Төрийн захиргааны дарга Б.Батжаргалаас түүний шууд удирдлага М.Болдбаатар хэдий хугацаагаар явсан, ямар зохицуулалтаар албан ажлаа дур мэдэн орхисон талаар тодруулахаар очсон ч Яармаг явсан, ирэх болоогүй байна хэмээн албан хаагчид нь хариулж байлаа. Уг нэгжийн Хуулийн хэлтсийн дарга мөн гэмтээсэн тул ажилдаа ирээгүй шалтгаанаар дээрх асуултад хариулах хүн байсангүй.

Мөн  НЗД Х.Нямбаатар урамшуулал олгон аялуулсан гэх мэдээллээр НЗДТГ-аас тодруулахад ямар нэг захирамж, тушаал гаргаагүй, татвар төлөгчдийн мөнгөөр аялуулж, зугаалуулаагүй гэв.

Дээрх албан хаагчдын ХОМ-ээс харахад сард 4-5 сая төгрөгийн цалинтай байх боломжтой ба энэ орлогоо бүтнээр нь 2-3 сар хадгалж чадвал дээрх аяллын зардлыг төлөх боломжтой талаар Тэнгэр телевиз тооцоолон мэдээлсэн.

Болж буй өрнөлийн талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.

Мөнх арвижих ундарга ХХК-ийн захирал М.Нарантуяа: Манай компани үйл ажиллагаа эрхлээд, торгууль л төлөөд байна уу гэхээс ашиг олж байгаа юм алга. Татварын хүнд заавал гар цайлгар, хэлснийг нь хэлж гүйцэтгэж байж ажлаа бүтээдэг. Татварын байгууллага өөрөө татвар төлөгчдийн мөнгийг залгидаг систем болсон байна. Энэ хүмүүс бидний мөнгөөр явж байгаа байх гэж бодож байна.

Иргэн Г.Болорсүх: Хардах эрх байгаа ч гэсэн тогтоогдоогүй байхад олон нийтийн сүлжээнд нэгнийгээ жадалж болохгүй. Энэ хүмүүс ямар зардлаар аялснаа гаргаад тавьчих хэрэгтэй” 

Иргэн Р.Батдорж: Татварынхан чинь ер нь хүнд сурталтай, янз бүрийн юм ярина шүү дээ. Чи тэдэн төгрөг өг, тийм юмыг чинь аргалъя гэсэн юм ярина, дарга нарт тийм магадлал байгаа.

Тэгвэл АТГ-т нэр дурдсан дарга нартай адил төрийн захиргааны албан хаагчдад холбогдох 482 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн хамгийн сүүлд Нийслэлийн татварын газрын улсын байцаагч А.Бадам 100 сая төгрөг авч байгаад баривчлуулсан байна. АТГ-аас тодруулахад хэрэг бүртгэлийн шатандаа байна хэмээн мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe