Г.Занданшатар: Гааль цахимжиж байгаа ч орон тоо нь нэмэгдэж, хүнд сурталтай бугширсан систем болчихсон байна

.Graph
2026-01-12

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд ажиллаж, авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон хилээр нэвтрэх ачаа тээврийн үйл ажиллагаатай танилцжээ.

2023 онд авто замын боомтын цогцолбор ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурван дахин нэмэгдэж, өмнө нь өдөрт 6000–8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8–12 мянган зорчигч зорчиж байна.

Цахим шинэчлэлийн хүрээнд 2025 оны тавдугаар сараас эхлэн цахим гарц нэвтэрч, өдөрт 450 орчим хүн уг системээр хил нэвтрэх болсон нь шалгагчдын ачааллыг мэдэгдэхүйц бууруулжээ. Гэсэн ч 100 хувь цахимд шилжиж амжаагүй, хүний хамаарал бүрэн арилаагүй байгаа тул хяналт шалгалтыг тогтмолжуулж, эрсдлийг хааж ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд онцоллоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар,

“Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална. Замын-Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентген дээр одоогоор тавхан хүн ээлжилж ажиллаж байна. Энэ нь хангалтгүй. Дор хаяж 15–20 хүн бэлтгэж, ээлжлэн ажиллуулах шаардлагатай”

Монгол Улсын нийт ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг бөгөөд суурьшил, барилгажилт жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг Ерөнхий сайд онцолж, Замын-Үүдийг худалдаа, тээвэр, ложистикийн стратегийн гол зангилаа хот болгон хөгжүүлэх шаардлагатайг илэрхийлэв.

Энэ хүрээнд Замын-Үүд сумын удирдлагуудад 2026 оны зургаадугаар сарын 1-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусгах үүрэг өглөө.

Г.Занданшатар,

"Гааль цахимжиж байгаа ч орон тоо нь нэмэгдэж, хүнд сурталтай бугширсан систем болчихсон байна”

Мөн Замын-Үүд боомтын Гаалийн  газрын дарга О.Цэенрэгзэнг албан тушаалаас нь чөлөөлж, 24 гаалийн байцаагчийн эрхийг түтгэлзүүлэхээр болжээ.

Одоогоор Замын-Үүд сум 25 мянга орчим хүн амтай, үүнээс 5000–8000 нь түр оршин суугч бөгөөд улсын төсвөөс татаас авалгүй, харин эсрэгээрээ орлого төвлөрүүлдэг сум юм. 2025 онд тус сум аймгийн төсөвт 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe