Пүрэвдашийн ЗОЛЖАРГАЛ

Н.Саруулдөл
2024-03-04

Ядуурал гэдгийг Монголчуудын тархинд бус зүрхэнд мэдрүүлэхийг хүссэн П.Золжаргалын түүх

Graph.mn сайт #Storytelling буландаа кино найруулагч, продюсер, кино зохиолч П.Золжаргалыг онцолж байна.

Каннын кино наадамд анх удаа Монгол кино шалгарсан нь "Баавгай болохсон" байв. Каннын улаан хивсэн дээгүүр монголчууд алхаж буй агшин хүрэх хүртэл тус киноны найруулагч П.Золжаргалыг олон эмзэглэл, асуудал дагаж байлаа. 2017 оноос эхэлсэн кино төсөл төсөв, санхүүгүйн улмаас зогсох эрсдэлтэй нэг биш удаа тулж байв. Аргагүйн эрхэнд байраа зарж, ядуурал гэдгийг Монголчуудын тархинд бус зүрхэнд мэдрүүлэхийг хүссэн П.Золжаргалын түүх одоо эхэлж байна. 

Ээж минь Зүүнсалаанд жижигхэн дэлгүүр ажиллуулдаг байлаа. Чөлөөт цагаараа ээжийнхээ дэлгүүрт тусалдаг тийм охин байсан. Нэг удаа манай дэлгүүрт архины хамааралтай аавтай жаахан хүүхэд орж ирэв. Аав нь үнэтэй архи авч, хүүхдээ 10 төгрөгийн чихрээр хуураад гарсан юм. Харваас өлссөн хүүхэд байсан. Би өөрөө хүүхэд мөртлөө тэр хүүхдийг хараад эмзэглэсэн. Тийм хүүхдүүдэд зурагтаар гоё юм харуулдаг эгч болох юм сан, дэлгэцний цаанаас итгэл найдвар өгдөг эгч болох юм сан гэсэн мөрөөдөлтэй болж кино найруулагч болохоор шийдлээ. 

Ахлах ангидаа Шинэ Монгол сургуульд орж суралцсан. Тэнд драмын дугуйлан гэж байсан бөгөөд түүнд явж, урлагт маш их хайртай болов. Төгсөх жилээ Япон улсад суралцах 100 хувийн тэтгэлэг авч, Зүүнсалаанаасаа Токио хот руу нислээ.

Токио хот бол урлаг буцалдаг, яг одоо юу хамгийн гоё байна, хүмүүс юу хамгийн их үзэж байна, юу хамгийн их сонсож байна тэр болгон цоо шинээрээ буцалдаг урлагийн төв болсон хот юм. Би дөрвөн жилийн хугацаанд өөрийнхөө үзэж болох хэмжээгээр их кино үзэж, жүжиг үзэж, уран зургийн галлерей үзэж, өөрийнхөө биед урлагийг шингээх гэж маш их хичээсэн. Ингээд бакалаврын зэргээ амжилттай хамгаалж, Токиогоосоо буцаад Зүүнсалаандаа ирлээ. 

Яг гоё ээж байгаад ажлаа хийгээд явж байтал 2017 онд утааны эсрэг жагсаал болсон. Жагсаал гэдэг бол маш сайн энерги. Асуудлыг шийдэх гэсэн хүмүүсийн сайн энерги байхгүй юу. Гэхдээ утааны үндсэн шалтгааныг хүмүүс ерөөсөө мэддэггүй юм байна гэдгийг тэр жагсаалаас анзаарсан.

Хэн ч гэр хороололд бусдыг хордуулах гэж нүүрс түлдэггүй. 

Энэ бол -35 градуст амьд үлдэхийн тулд хүмүүсийн хүчирч буй арга нь л энэ шүү дээ. Бид яг үнэндээ утаагаар биш ядуурлаар амьсгалдаг. Гэтэл хүмүүсийн асуудлыг шийдэх гэсэн сайн энерги нь үүнийг ерөөсөө олж хараагүй. Та нар биднийг хордуулж байна, ялангуяа шилжин суурьшигчид хөдөө рүүгээ буцаад яв гэдэг хандлага гаргасан нь гэр хорооллыг сайн мэддэг, тэнд өссөн, тэндээс амьдарч байгаа хүний хувьд намайг их өвтгөсөн. Хүмүүс утааны жинхэнэ асуудлыг хардаг ч болоосой.

Манай нийгэмд тулгарч байгаа агаарын бохирдол, хүчирхийлэл, архидалт, ажилгүйдэл зэрэг энэ олон асуудал чинь яг үнэндээ ядуурал гэдэг үндсэн суурь шалтгааны шинж тэмдгүүд юм. 

Хүмүүс шинж тэмдгийг сайжруулах гэж хамаг сайн энергиэ зарцуулах биш ядуурал гэдэг үндсэн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэгт анхаараасай гэж хүссэн. Тэгээд яг 15 настай, физикийн хичээлдээ асар сонирхолтой, сайн сайхан амьдрал мөрөөдсөн, эрч хүч энергиэр дүүрэн хүү сайн боловсрол олох гээд тэмүүлж байгаа, гэхдээ тэр нь тэгш хүртээмжтэйгээр олдохгүй байгаа, ар гэрийн амьдрал нь өөрийн эрхгүй доош нь чангааж, зулгааж байгаа, орон болгон зуухандаа түлэх зүйл хайж байгаа хүүгийн түүхээр энэ бүхийг ойлгуулахыг зорьсон.

Би киноны хүчинд итгэдэг. Хүмүүс гэр хороололд амьдрал ямар байдгийг толгой дотроо, тархиндаа мэдэж байгаа. Гэхдээ зүрхэндээ ерөөсөө мэдрэхгүй байгаа. Тиймээс урлаг бол зүрхэнд мэдрүүлж чадна гэдэгт би итгэсэн. 

Сэтгэгдэл үлдээх

hairtai hairtai

enke

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe