Үндсэн хууль ба хүүхдийн эрх

.Graph
2026-01-13

Үндсэн хуулийн өдөр тохиж байна. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улс өнөөгийн дагаж мөрдөж буй ардчилсан Үндсэн хуулиа баталж байв. 2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ өдрийг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхээр тусгасан.

Энэ удаа Үндсэн хуулиар баталгаажсан баталгаатай эдлэх эрхийн хүрээнд хүүхдийн асуудлыг хөндөж байна.

Үндсэн хуульд

Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах дараах эрхүүдийг тусгасан байна.

  • 16.1. амьд явах эрхтэй.  Энэ нь хүүхдийн эрхийн “суурь эрх”.
  • 16.2. эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Энэ нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь хүүхдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны хөгжлийг хангах үндсэн нөхцөл бөгөөд хүүхдийн ирээдүйн амьдралын баталгаа юм.
  • 16.7. сурч боловсрох эрхтэй. Энэ нь хүүхдийн суурь эрх ба бага, дунд боловсрол үнэгүй, заавал байх бодлогын үндэс.
  • 14.2. …нас, хүйс, нийгмийн гарал, байдал, … ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. Энэ нь насанд хүрээгүй ч хүүхэд бол хүний эрхийн бүрэн субъект болохыг баталгаажуулсан.
  • 16.13. халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй… Хүүхдийн бие, сэтгэл, сүнсний халдашгүй байдал Хүчирхийллээс хамгаалах эрх багтдаг.
  • 16.11. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална. Энэ нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжил, хамгаалал зэрэг бүх бодлогын үндсэн суурь зарчим болдог.

Манай улсад хүүхдийн эрх

Хүүхдийн тусламжийн 108 дугаарт өдөрт 800 гаруй дуудлага ирдэг байна. Тухайлбал 2025 онд нийтдээ 42900 дуудлага ирснээс хүүхдийн эрх хамгааллын 5438, зөвлөгөө хүссэн 2385, мэдээлэл хүссэн 18807, зорилтот бус 16224 тус тус бүртгэгджээ.

Хүүхдийн эрх хамгааллын дуудлагаас дийлэнх хувийг 1540 үл хайхрах хүчирхийлэл, 1457 бие махбодын хүчирхийлэл, 1205 сэтгэл санааны хүчирхийлэл, 467 үе тэнгийн хүчирхийлэл зэргээр бүртгэдсэн байна.

Энэхүү тоон мэдээлэл нь манай улсад өдөр тутамдаа хүүхдүүд хамгийн ихээр асрамж, анхаарал, хамгаалалгүй үлдэж, бие болон сэтгэл санааны дарамтад өртөж, аюулгүй орчинд өсөх эрх нь тогтмол зөрчигдөж байгааг илэрхий харуулж байна.

Бодлогын шийдэл

Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдийг хүүхдэд баталггаатай эдлүүлэх, дээр дурдсан зөрчигдөж буй нөхцөл байдлыг таслан зогсоохын тулд хүүхдийн эрсдэлийг эрт илрүүлэх, хамгаалах зорилгоор үндэсний хэмжээний нэгдсэн бүртгэлийн тогтолцоог бий болгож, сургалтын байгууллагын аюулгүй байдлын стандартыг хуульчилж,  хэрэгжилтэд бодитой хяналт тогтоох, өдөр өнжүүлэх үйлчилгээний бие даасан зохицуулалтыг эрх зүйн түвшинд бий болгох шаардлага нэн тулгамдаж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нь зөвхөн өнөөдрийн нийгмийн асуудал бус, Монгол Улсын ирээдүйн хөгжил, хүний капиталын үндэс суурь гэдгийг төр, нийгмийн бүх түвшинд ухамсарлан, урт хугацааны тогтвортой бодлого зайлшгүй шаардлагатай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe