Олон улсад “Demumu”, Хятад улсад “Are you dead?” буюу үхээгүй биз? нэртэй аппликейшн өнгөрсөн оны тавдугаар сард нээгджээ. Тухайн үедээ олны анхаарлыг татаагүй ч залуусын хэрэглээнд нэвтэрснээс хойш багагүй хугацааны дараа иргэдийн сонирхлыг татаж, нэлээд алдартай болоод байна.
Тус аппликейшны зорилго маш энгийн. Тухайн улсын иргэн аппликейшн татсан бол амьд байгаагаа баталгаажуулахын тулд хоёр өдөр тутамд заасан товчлуур дээр дарах шаардлагатай. Хэрэв тухайн иргэн товчлуураа дараагүй тохиолдолд түүнтэй холбоо хамааралтай байж болох хүмүүс рүү холбогдож, тухайн хүнд ямар нэг зүйл тохиолдсон байж болзошгүйг мэдэгдэх юм байна. Аппликейшныг хэрэглэхэд найман юань буюу 1.15 ам.доллар төлөх шаардлагатай. Одоогоор тус улсын томоохон хотуудад ганцаараа амьдардаг залуус уг аппликейшныг олноороо татан хэрэглэж байна.
Хятад улсын иргэд энэхүү аппликейшныг сайшааж, ганцаараа амьдардаг, дотогшоо, сэтгэл гутралтай зэрэг хүмүүст маш хэрэгтэй зүйл гэж үзэж байгаа хэдий ч “Are you dead?” нэр нь тухгүй мэдрэмж төрүүлж байгаа талаар санал хүргүүлжээ. Харин аппликейшныг бүтээсэн “Moonscape Technologies” компани уг саналыг хүлээж авсан бөгөөд нэрээ өөрчлөх боломжит хувилбарыг авч үзэж байгаагаа мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх