Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн хоёр долоо хоног сошиал орчинд эрчимтэй явж эхлэв. Яг эх сурвалж болохуйц хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ч тэр хэн нь мэдэгдэхгүй төлбөртэй тархи угаадаг пэйжүүдээр ч тэр. Нэг үг байдаг даа. Болохгүй зүйлийг хүчлэх хэрэггүй, будилж байгаа хүнийг шоолох хэрэггүй гэж. Үнэхээр үнэнд гүйцэгдээд суудлаа тавьж өгөх цаг нь болсон бол буугаад өгдөг, буцаад ирдэг жудагтай байдлыг манай улс төрчид сурмаар. Одоогийн хотын дарга маань харин шалдан байна гэж үнэнийг нь хэлсэн хүмүүсийг сошиал цаазын тавцанд өлгөж байгаад олны өмнө дүүжилдэг болж. За тэр яах вэ гол зүйлээ бичье. Х.Нямбаатарын явах цаг нь тэртээ тэргүй болсон бололтой. Намаас нь түүний оронд очих хүнийг тохирчихсон байна гэсэн яриа ч гарч байна. Л.Оюун-Эрдэнийн фракцаас ганцаараа голтой байгаа түүнийг энэ жилдээ багтаан амралтад нь гаргах юм гэнэ. Яагаад вэ гэвэл ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуулиар У.Хүрэлсүх болон Г.Занданшатар, Н.Учралтай тал нь хотоо авахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд том дэмжлэг дутна. Тийм ч учраас өөрсдийнхөө тойрогт багтаж буй нэгнийг хотдоо тавих байх. Гэхдээ эхлээд хотын намаа Х.Нямбаатараас авчхаад дараа нь хотын даргын суудлыг авах нь тодорхой.
Дараагийн дарга нь дахиад намын томилгоо...
Эхний ээлжинд хотын даргад нэр дэвшигчийг Э.Бат-Амгалан гэж гаргаж ирж байх шиг. Хэвлэлүүд цуурсан уу, өөрсдөө тараасан уу. Нөгөөх нь би хотын дарга болох тухай юу ч яриагүй. Барилга хот байгуулалтын салбарт хийх юм зөндөө байна. Хэмээн сүржин ярьсан. Яг үнэндээ энэ хүнийг Барилга хот байгуулалтын яаманд очсоноос хойш юу ч өөрчлөгдөөгүй, бүр сая хотын даргад яригдах үед нь энэ хүнийг сайд байсан юм байна гэж мэдсэн хүмүүс ч цөөнгүй харагдсан. Гэхдээ л чимээгүй улс төр хийдэг хүн бололтой. Түүнийг Нийслэлийн намын хорооны даргад зүтгүүлэх гээд байгаа юм даг уу. Өөрөө ч үгүйсгэхгүй байсан. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн суудлаас өсөж өндийсөн Э.Бат-Амгалан намдаа том хөрөнгө оруулагч бололтой. Сайдын суудал араас нь хотын намын даргад хүртэл яригдаж байхыг бодвол. Иргэд ч дассаар хайртай болно гэдэг шиг нэг л өдөр Э.Бат-Амгалан хотын дарга болчихсон бид одоогийн ярьдаг зүйлээ ярьчихсан сууж байх вий. Эсвэл хэн нэгнийг муугийн жишээ болгож хаячхаад араас нь өөр хүнийг гаргаад ирдэг тактик шиг Э.Бат-Амгалан хар хэл амны бамбай ч байж мэдэх юм. Ямартай ч бид энэ хотын даргыг нам томилдог байдлыг үгүй хийх хэрэгтэй гэдгийг л өнгөрсөн, одоогийн үйл явдлуудаас маш сайн ойлгож байна даа.
Хотынхоо даргыг хотын иргэд нь өөрсдөө сонгодог байя...
Өнгөрсөн цаг хугацаанд эрх барьж байгаа нам өөрсдийнхөө дураар дотроосоо хотын даргаа томилж явсаар ирсэн. Худлаа үнэн НИТХ-ын хурлаар орсон болж жүжиглэдэг. Тэр дарга болж байгаа хүн нь нийслэлд амьдарч байгаа 1.7 сая иргэнд таалагдах эсэх нь ямар ч хамаагүй. Намын удирдлагад, намдаа л таалагдаж байвал болох нь тэр. Гэвч дийлэнх улсад хотын оршин суугчдынхаа дийлэнх саналыг авсан хүн нь хотын дарга болдог жишигтэй. Тэгж сонгогдсон хүн иргэдийнхээ эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж илүү нийцтэй ажиллана. Уг нь манай улс төрийнхөн чинь хууль, шийдвэр, журам тал дээрээ гаднын орнуудыг дуурайх их дуртай хүмүүс дээ. Яг энэ тал дээр л комуннист байдлаасаа салаагүй явсаар ирсэн гай нь иргэдийн ухааралтай хамт ирж байна. Бид Ардчилсан улс мөн л юм бол хотын даргаа хотын иргэд нь өөрсдөө сонгодог байх шийдэл рүү шилжих цаг нь яг одоо мөн. Дахиад нэг Х.Нямбаатар гарч ирээд бродюр, хятад такси, хагас кокс ярьж хотынхоо иргэдийг доош нь хийхийг харахыг хэн ч хүсэхгүй байгаа нь илт байна. Тийм учраас сая гаруй иргэдийн өдөр тутмын амьдрал, орчин нөхцөлийг сайжруулан ажиллах хүнээ өөрсдөө саналаараа сонгож тэр хүнтэйгээ хариуцлага тооцдог байх нь хамгийн чухал. Ядаж л саналаараа сонгодог болчихвол хожим нь хэн хэнтэйгээ хэрэлдээд суухгүй нь тодорхой. Намын хүчээр хотынхоо иргэдийн толгой дээр гарчхаад нулимж суудаг дарга лав төрөхгүй. Дасал болсон нэг нам 1.7 сая иргэнийхээ өмнөөс сонголт хийж хотын даргыг томилдог байдлыг Graph.mn-ийн редакц бодлогын хувьд эсэргүүцэж байгаагаа энэ бичвэрээр илэрхийлж байна.
Дассан байдлаасаа гарах нь өөрчлөлтийн хамгийн том эхлэл байдаг...
Сэтгэгдэл үлдээх