Нэг зүйл ажиглаж байна уу? Сүүлийн өдрүүдэд Ард нийтийн санал асуулга хөдөлгөөн, Н.Энхбаярын Үндсэн хууль, Х.Нямбаатарын шуугиан тус тусынхаа орчинд газар авч байна. Өөр өөр үйл явдлууд мэт харагдаж байгаа ч эцсийн дүндээ нэг цаасан буусан төлөвлөгөөний үйл явц гэж таамаглаж болохоор. Ингэж таамаглаад үзье. Үйл явдлууд ирэх жил болох 2027 оны ерөнхийлөгчийн сонгуультай холбогдож байна гэж. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах вэ гэдэг маш чухал. Бүр маш чухал шүү. Ингэж байж цааш УИХ-ын сонгуульд аль нам нь тугаа мандуулах вэ гэдгийг шийдэх юм. Намууд одоогоос ирэх жилийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ дотроо ярилцаж, хэн байх эсэхийг нь оны сүүлээр шийднэ. Ингээд 2027 оны нэгдүгээр сараас сонгууль албан бусаар эхэлж далд сурталчилгаандаа гарцгаана. Хэдийгээр МАН сүүлийн жилүүдэд онцгой төрийн эрх барьсан ч цаашдаа алдах зүйл ихтэй болчхоод байгаа учраас няхуур үзэх байх. Ингэхдээ хэд хэдэн хувилбартайгаар. Мэдээж Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэсэн яриа байгаа ч хэрхэн хурдан хувирч болдог гэдгийг Н.Учралын кэйс харуулсан. Ямар ч байсан УИХ-ын дарга байхаасаа л пи ар ихтэй хүн гэдгээ харуулсан Г.Занданшатар аль чадахаараа л өөрийгөө сурталчилж байгаа. Энэ чигээрээ элдэв хий гаргачихгүй бол Ерөнхийлөгчид үзээд алдахад одоогоор шаардлага хангаж байгаа ганц дүр нь юм уу даа. Харин буруугаар эргэвэл нөгөө л нэг МАН-ын буруу аргууд хүлээж байх магадлалтай. Тэр нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын барьж гүйгээд байгаа Үндсэн хууль ч юм уу аль эсвэл олноо хамар хэмээн танигдсан Т.Ганболдын санхүүжүүлж байгаа Ард нийтийн санал асуулга хөдөлгөөн. Дээрх хоёр санаачилга нэг нь Үндсэн хууль нөгөөх нь Ард нийтийн санал асуулга гээд хоёр өөр зүйл мэт сонсогдож байгаа ч зорилго нь бараг ижилхэн юм шиг. Ард нийтийн санал асуулга хөдөлгөөн Их хурлыг тарааж сонгодог парламенттай болох эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэсэн хувилбарыг яриад байгаа. Харин Н.Энхбаярын Үндсэн хуульд дээд, доод танхимтай болох ард түмэн бүх зүйлд санал өгч шийддэг байдлаар бичигдсэн байдаг. Ер нь ард түмнийг урдаа барьж сайрхсан хуучны арга агуулагддаг. Ерөнхийлөгчийг парламент нь сонгодог болох гэх мэт заалтууд мөн тусгагдсан байсан. Хэрвээ МАН Ерөнхийлөгчийн сонгуулиа алдах дээрээ тулбал цагийг нь тулгаж байгаад мурьдаг шиг ээ Үндсэн хуульт нэмэлт өөрчлөлт оруулаад парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог болгох хувилбарт шилжиж магадгүй л юм. Олонх дээрээс нь Засгийн газартаа хоёр нам багтаачихсан байгаа тэдэнд кноп хүрэхгүй гэх зовлонгүй. Түүнд нь ч Н.Энхбаяр гуай, Ард нийтийн санал асуулга хөдөлгөөн тус хүргэнэ. Олон нийтийн санаа бодолд нөлөөлж хөрсийг нь бэлдэж өгнө гэх юм уу даа. Яаж вэ гэж үү? Н.Энхбаяр гуайн яриад байгаа Үндсэн хуулийг хэзээ ч хэрглэхгүй гэхдээ яриулж байгаад өөрсдөдөө хэрэгтээ хэсгийг нь Үндсэн хуулийн өөрчлөлт маягаар оруулж ирээд одоогийн Үндсэн хуульдаа шингээнэ. Ер нь бол парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог хувилбарыг нь шингээх байх. Харин Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнийг УИХ ажлаа хийж чадахгүй байна гэж орилуулж байгаад сонгодог парламент руу шилжүүлэх цаашлаад Ерөнхийлөгчийн засаглалтай байх зам руу ч тулгаж мэдэх юм.
Ер нь хардаж харах юм бол хашаандаа хоёр гөлөг тэжээж байгаад цаг нь болохоор хуцуулах гээд л байгаа юм шиг. Г.Занданшатарын хувилбар уствал хоёр нохойгоо барь гээд туучихна. Эсвэл бүр хоршуулж байгаад Г.Занданшатарыгаа парламентаас сонгочхож ч магадгүй. Гэхдээ энэ бол цаг хугацааны уялдаа холбоог болж буй үйл явдалтай хамтатгаад таамаглаж байгаа төдий зүйл юм. Цаг хугацаа ойртох тусам гарт нь цөөхөн хөзөр үлдэж сүүлийн мод бүртгэлд орж юу байх вэ гэдэг нь тодорхой болно. Тэр үед л энэ таамаг хэр зөрж вэ гэдгийг харж болох байх.
Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед нь У.Хүрэлсүх Үндсэн хуульд өөрчлөлт оруул гэж шахдаг байсан тухай ярьдаг байсан. Ерөнхийлөгчийн дахин нэг удаа сонгодог байхаар. Гөжүүдлээд болохгүй болохоор нь Я.Содбаатар өрөөнд нь орж агсам тавьж тэгвэл бид ард нийтийн санал асуулга явуулна гэж зандарсан тухай ч яриа гарч байлаа. Үүнийг бодохоор холбоотой ч юм шиг...
Тэс хөндлөн ч юм шиг гэхдээ л Ерөнхийлөгчийн сонгуульд хамааралтай нэг зүйл таамаглачих уу?
Хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлөх нь цаг хугацааны асуудал гэж олон хэвлэлүүд бичиж байгаа. Тэгээд хэн байх юм гэдэг асуулт олны дунд гарч ирсэн. Таамаг ч дэвшүүлж эхэлсэн. Бидний эхний таамаг Э.Бат-Амгалангаар зөрж орхисон. Тэгвэл хэн ч таамаглахгүй байгаа нэг хүн бий. Тэр бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар. У.Хүрэлсүхтэй ойрын хүн. Бүр дотнын найз нь. Намдаа ч багагүй хугацаанд гал тогоо хавиар эргэлдээд сайн, мууг нь ялгачихсан. Төрийн өндөр албан тушаалуудыг ч сайн найзынхаа буянаар чамгүй хашсан хүн. Мэдээж хотын даргыг солихоор бол У.Хүрэлсүхийн хүн байж таарах биз. Тийм учраас түүний нэр ороод ирэхэд гайхах зүйлгүй. Олон дунд ч, намдаа гай ч үгүй гавьяа ч үгүй нэгэн. Оруулаад ирэхэд хэт их үзэн ядахгүй хэт хөөргөж ч алга ташихгүй Я.Содбаатар олон нийт, улс төр хоёрын тэг дундуур нь зогсоно. Нэг хаширлах шалтгаан нь У.Хүрэлсүх өөрийн найзаа хотын даргаар тавьж улс эзэгнэлээ гэсэн хэл ам л байх. Гэхдээ нэгэнт нэг жилийн дараа бууж ажлаа өгөх хүн байгаа дээрээ өөрийн хүмүүсээ байрлуулах бодол бас бий биз.
Яах гээд л байна даа энэ улс төр😂
Сэтгэгдэл үлдээх