Монголбанканд аудит оруулж, мөнгөний бодлогын алдагдлыг засах шаардлагатайг онцлов

Ц.Чимэдцэеэ
2026-01-19

УИХ-ын дарга Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт нар Монголбанканд аудитын шалгалт оруулж, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, цаашдын бодлого, шийдлийг тодорхойлох асуудлаар уулзлаа.

УИХ-аас хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтад онцгой анхаарч байгаа бөгөөд аудитын байгууллага хараат бусаар ажиллахын зэрэгцээ парламентын хянан шалгах ажиллагаанд зөвлөн туслах чиг үүрэгтэйг УИХ-ын дарга онцлов.

Инфляцийг бууруулах, үнийн хөөрөгдлөөс хамгаалах зорилгоор УИХ-аас 16 багц арга хэмжээ бүхий тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд Монголбанк онцгой үүрэгтэй гэдгийг тэмдэглэлээ. Гэвч өнөөгийн байдлаар мөнгөний бодлого 10 их наяд төгрөгийн алдагдалтай, чиг үүргийн давхардалтай бүтэц, шаардлагагүй орон тоо их байгаа нь эцсийн дүндээ иргэдэд эдийн засгийн дарамт үүсгэж байгааг шүүмжилсэн юм.

Мөн Хэмнэлтийн хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг сануулж, Монголбанкны шинэ Ерөнхийлөгч С.Наранцогтыг ажлаа авсан энэ үед “гарааны цэгээ” тодорхойлж, шаардлагатай бол хуулийн байгууллагаар шалгуулах, орон тооны цомхотгол хийх, ил тод байдлыг хангахыг УИХ-ын дарга Н.Учрал онцгойлон анхаарууллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт:

Инфляцийн суурь шалтгаанд дүн шинжилгээ хийж дуусах шатандаа орсон. Байгууллагын бүтцийг шинэчилж, 19 газрыг 10 болгон цөөлж, удирдах түвшний давхардлыг арилгаж байгаа. Үүний үр дүнд нийт бүтэц бараг 50 хувиар буурах бөгөөд аудитын байгууллагын зөвлөмж, чиглэл чухал дэмжлэг болно.

Ерөнхий аудитор С.Магнайсүрэн:

Монголбанк албан ёсоор хүсэлт гаргавал аудитын шалгалтыг яаралтай зохион байгуулах боломжтой. Манай байгууллагын тухайд удирдах албан тушаалтны тоог 46-аас 32 болгон бууруулсан. 2026 оныг "Аудитын үр нөлөөг тооцох, үнэлэх" жил болгон зарлаад байна. Бид эдийн засаг, нийгмийн хөгжил ямар нөлөөтэй вэ гэдэг талаасаа зорьж ажиллаж байна.

Цаашид Монголбанканд хийх аудитын дүн дээр үндэслэн мөнгөний бодлогын алдагдлыг хэрхэн бууруулах, бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийг ямар хугацаанд, ямар шаттайгаар хэрэгжүүлэх, Хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг бодитоор хангах эсэх нь УИХ-ын анхаарлын төвд байх бөгөөд шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцох асуудал ч яригдана гэдгийг УИХ-ын дарга онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe