НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат-тай уулзаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлого, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад НИТХ-ын Ажлын алба болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцсон.
НИТХ-ын дарга А.Баяр “Монгол Улсад бүртгэгдэж буй нийт гэмт хэргийн 70 орчим хувь нь нийслэлд ногдож байгаа тул нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх бодлогыг илүү оновчтой, бодит үр дүнд чиглүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд техник, технологийн дэвшлийг ашиглан нийслэлийг бүрэн камержуулах ажлыг эрчимжүүлж, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлж байна” хэмээн онцоллоо.
Мөн нийслэлд залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг зонхилж байгааг дурдаж, эдгээр төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтран тодорхой төлөвлөгөө, зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг танилцуулсан юм.
Түүнчлэн уулзалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, цахим орчинд үйлдэгдэж буй залилан, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, хамтарсан арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл үлдээх