Өнгөрсөн бямба гарагт Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн студид сууж байгаад гадаад, дотоодоос холбогдсон иргэдийн асуултад гурван цаг нээлттэй хариулав. Өмнө нь Ерөнхий сайд байтугай ямар ч улс төрч ийм байдлаар нэвтрүүлэгт орж байгаагүй байх. Түүнийхээ өмнө ганцаараа өрөөндөө сууж байгаад подкаст ч эхлүүлэв, ахмадуудын гремикс сэтгүүлч М.Батбилэгээр фон хийж байгаад ярилцлага хийдэг уламжлалыг ч мартсангүй. УИХ-ын дарга байхдаа богино бичлэгээр нүддэг байсан тэрээр Ерөнхий сайд болоод ирэхдээ арай өөр төрхөөр пи араа хийж байна. Улс төрч ялангуяа гал тогоог хариуцаж байгаа хүний хувьд иргэдтэйгээ хамгийн ойрхон байх нь зөв гэж бодсон бололтой. Өмнөх ахлах тогооч харин энэ тал дээрээ жаахан хаалттай байсан. Түүний ил гарч ирээд хэлдэг амаргүй байна гэдэг ганц үг л бидний санамжид үлдэж. Харин одоогийн Ерөнхий сайд шинэчилнэ, үзүүлээд өгнө л гээд байх юм. Хожим хийсэн ажил нь түүнийг дүгнэнэ биз. Дүгнэлт хийх цаг нь одоо биш.
Ер нь улс төрийн пи ар олон янз байдаг. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй чимээгүй суух. Энэ төрлийн пи ар уг нь хэл амнаас холуур амар. Гэхдээ улс төрч хүн улс төржиж иргэдэд хүрэхгүй бол цаашдын нөхцөл нь доройтож эхэлдэг. Тиймээс үүнийг сүүлчийн албан тушаал нь гэж бодсон улс төрчид эсвэл дарангуйлагчид ашигладаг. Олны өмнө аль болох их гарч орцыг нь ч шүүрдээд зогсож байж мэдэх пи ар бас байна. Үүнийг манай одоогийн хотын дарга Х.Нямбаатар ашигладаг. 2000 оны эхэн үеэс эхлээд 2012 он хүртэл харин нийтээрээ ашигладаг байв. Адлуулсан ч, магтуулсан ч аль болох л олон түмэнтэйгээ ойр байх. Ямар ч үед нээлттэй байхыг сүүлийн үед сонгогдсон зарим нэг УИХ-ын гишүүд хэрэглээд байгаа харагддаг. Камер хаана байна тэнд л байж байдаг ч юм уу. Эсвэл камер барьсан зураглаач, микрофон барьсан сэтгүүлчийн нүдэнд өртөж урдуур, хойгуур нь явж байгаад л нэг харахад юу ч хамаагүй яриад зогсож байдаг. Үүнтэй төстэй нэг пи арын төлөвлөгөө гэвэл уран, нүүрс, алт юу байдаг юм байгалийн баялаг, эх орны газар шороо ярин попордог улс төрчид бий. Тэд гэхдээ хаана, хэзээ, хэнд ярихаа цензурддэг. Эсвэл яг ярих хэрэгцээ нь гарах үед л телевиз, сайтын нэвтрүүлгүүдээр харагддаг хэсэг байна. Эд бол өөрийн эрх ашгийн төлөө телевизийг ч тэр нэвтрүүлгийг нь үзэж байгаа олон нийтийг ч тэр ашигладаг хэсэг. Яг ийм пи арын бодлоготой хүмүүс нь одоогийн манай парламентад болон төрийн дээд албан тушаал хашиж байгаа улс төрчдийн дийлэнх. Тэдний пи ард ямар ч шинэчлэл байхгүй. Шинэчлэгдсэн хэдэн зүйл нь зурган тайлангууд хийдэг болж, бусдаас өөр сэдэв хайж л улс төрждөг болсон. За тэгээд албаар өөрийгөө муулуулж өрөвдүүлэх, туг атгаад салхи сөрж буй мэт дүр эсгэх, аятайхан харагдаж байгаад хэдэн жил өнгөрөөх гэх мэт маш олон аргууд бий. Ер нь бүхий л пи арын хамгийн том хохирогчид болон дүрүүд нь иргэд бид юм гэдгийг л маш сайн ойлгоод авчих хэрэгтэй. Бид чинь нас, хүйс, хаана амьдардаг гээд загварчлагдаад байж байдаг юм шүү.
Г.Занданшатарын “Modern тактик”
Г.Занданшатарын пи арын төлөвлөгөө дээрх бүгдээс арай орчин үеийн, орчин үеийн ч юу байх вэ дээ. Л.Оюун-Эрдэнийн хамгийн том алдаа болох хаалттай байдлыг засаж, залруулаад илүү нээлттэй Ерөнхий сайд гэсэн дүрийг гаргаж ирэх. Шинэ нь хуучнаасаа дээрдэх хэрэгтэй шүү дээ. Бас Г.Занданшатар таван жил Засгийн эрх бариагүй учраас энэ цаг үед хүлээх хариуцлага, нуух асуудал бага. Тийм болохоор хэний ч хамаагүй асуултад хариулж гурван цаг Үндэсний телевизийн студид суусан биз. Хариулт нь тун тодорхой. Бид тэгж ажиллана, тийм зорилттой байгаа, асуудлыг шийднэ. Бүгд ирээдүй цаг дээр байгаа биз. Нэг шийдэл ярьсан нь төсвийг танасан учраас инфляц харьцангуй тогтворжсон гэх. Жилийн дараа хэрвээ ийм ярилцлагад орвол иргэдийн асуулт ч өөр болж ирнэ. Тэгж ярьж байсан тэр чинь яасан бэ гэх мэтээр шалгаана. Тэр үед мань хүн харин шийднэ, залруулна гээд сууж байх юм бол гарцаагүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших листээс хасагдах нь тодорхой. Тийм учраас түүний орчин үеийн пи арын тактик асуудлыг шийдэнгээ Ерөнхийлөгч байж болохуйц хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх юм. Тэгж дараагийн нүүдлээ харсан болохоор өөрөө гарсан олон контентууд хийж, оролцож олон нийтэд, орон нутагт танигдах. Баянхонгороосоо гарч чадаагүй хүнийг бусад аймгуудад хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй биз дээ. Гэхдээ миний таамгаар тэгж төлөвлөсөн бай, төлөвлөөгүй ч бай түүний энэ байдал нь одоогоор энэ цаг үеийн хамгийн нээлттэй улс төрч болгох эхлэлийг тавилаа. Нэг талаараа олон нийтэд, хэвлэл мэдээллийнхэнд шинэ жишиг. Нөгөө талдаа улс төрчид өөрт нь халгаатай алхам. Эрсдэл ихтэй гэх үү дээ. Олны нүдэнд байх тусам хүлээлт нэмэгдэж, хэл ам ч олширдог. Хэрвээ хэлж яриад байгаа шигээ эрс шинэтгэл хийж чадахгүй бол буцаад унахдаа хохиролтой унана. Л.Оюун-Эрдэнэ шиг нэг цүнхэнд нам цохиулж унах юу ч биш. Ард түмний итгэл түүнийг ахиж улс төрд эргэж ирэхээргүй болтол нам цохино. Улс төрчдийн пи ар хуучин цаг шигээ байхаа больж байгаатай ижил ард түмний итгэл ч хуучин шигээ байхаа больсон. Итгэл эвдээд эргээд ирэхэд нь ивий минь гээд тосдог цаг өнгөрч ёстой л эрс шинэтгэл хийхийг шаарддаг болсон үе. Тийм учраас түүний хийж байгаа пи арыг өндөр эрсдэлтэй ч өндөр ашиг бас өгч болдог арилжаатай зүйрлэж болох юм. Алдвал хоосорно, амжилттай болох юм бол хүссэнээ атгана.
Сэтгэгдэл үлдээх