Шинээр газар эзэмших хүсэлтээ өгсөн иргэдийн хүсэлт ирэх онд шийдвэрлэгдэнэ

.Graph
2026-01-19

Газрын тухай хуульд заасны дагуу “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага баталдаг байсан зохицуулалтыг 2023 онд Газрын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Засгийн газар батлахаар болсон. Үүнээс хойш 2025 оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг шинэчлэн батлагдсан байдаг.

Ингэснээр газартай холбоотой 27 хүсэлтийг газрын цахим систем болох /www.egazar.gov.mn/ болон “egazar” аппликейшнээр хүлээн авч, холбогдох хуульд заасны дагуу өргөдлийн төрлөөс хамааран 1-15 хоногийн хугацаанд шийдвэрлэхээр зохицуулжээ. Харин иргэдийн зүгээс шийдвэрлэлтийн хугацаа уддаг бөгөөд 2024 онд явуулсан хүсэлт өдийг болтол шийдвэрлэгдээгүй, мөн вэбсайт нь гацдаг зэрэг асуудлыг хөндсөн юм.

Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Ариунзаяагаас тодруулахад

“15 хоног гэдэг бол шинээр газар эзэмших хүсэлтээс бусад газар эзэмших эрхээ шилжүүлэх, хугацаа сунгах зэрэг үйлчилгээнүүдийг цахим хуудсаараа хүлээж аваад хуульд заасны дагуу 15 хоног дотроо шийдвэрлэгдэж байгаа. Харин газар өмчлөх хүсэлт нь төлөвлөгөөнд тусгагдаад баталгаажсан иргэдийн тухайд нэг сарын хугацаанд шийдвэрлэгдэж байгаа. Шинээр хүсэлт илгээсэн хүмүүсийн хувьд холбогдох үе шатуудаар явсны дараа ирэх оны төлөвлөгөөнд ороод явна” гэлээ.

Ингэснээр шинээр газар эзэмших хүсэлтээ өгч байгаа хүмүүсийн хүсэлт төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд 2027 онд шийдвэрлэгдэнэ.

Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд, мөн Газрын тухай хуульд заасны дагуу иргэд аль ч дүүрэг, хороонд зориулалтаа тодорхойлон цахимаар хүсэлт илгээх боломжтой гэж заадаг. Энэ талаар тэрээр:

“Цахим системд иргэн өөрөө ороод хүссэн газраа сонгож, хүсэлтээ илгээх боломжтой. Харин тухайн бүсэд тухайн жилд газар эзэмшүүлэх эсэх дээр батлагдах уу үгүй гэдэг дээр л шийдэгдэнэ. Энэ нь юунаас хамаарах вэ гэхээр тухайн бүсэд иргэнд олгох газрын нөөц байгаа эсэхээс хамаардаг. Иймд саналаа өгөх эрх нь хэзээд нээлттэй байгаа” гэв.

Харин вэбсайт гацалтын тухайд тусдаа байгууллага хариуцдаг учраас хэлж мэдэхгүй байна гэлээ.  

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe