Дубайд аялсан татварын албан хаагчдад ёс зүй, сахилгын хариуцлага хүлээлгэжээ

Ц.Чимэдцэеэ
2026-01-19

Татварын ерөнхий газрын харьяа Нийслэлийн татварын газар болон дүүргийн татварын хэлтсийн удирдах албан тушаалтнууд энэ сарын 3–10-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод аялсан мэдээлэл олон нийтийн шүүмжлэл дагуулсан.

Уг үйл явдал нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, сахилга хариуцлагын зарчимтай нийцэхгүй гэж үзэн Татварын ерөнхий газраас дотоод хяналт, шалгалт оруулжээ.

Шалгалтын дүнд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын шаардлагыг зөрчсөн гэж үзэн Нийслэлийн татварын газрын даргыг төрийн албанаас чөлөөлж, бусад есөн дүүргийн татварын хэлтсийн даргыг албан тушаал бууруулах шийдвэр гаргасан байна.

Тус байгууллагаас мэдээлснээр, дээрх зөрчил нь татвар төлөгчдийн татварын албанд итгэх итгэлийг сулруулж, нийгэмд бухимдал үүсгэсэн тул хариуцлага тооцохоос өөр аргагүйд хүрсэн аж.

Цаашид ижил төрлийн зөрчил дахин гаргахгүй байх үүднээс төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг чангатгах, ёс зүйн хяналтыг сайжруулах, татвар төлөгчдөд чиглэсэн үйлчилгээг хүнд сурталгүй, зөвлөн туслах зарчмаар үзүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe