20-р зууны домогт загвар зохион бүтээгчдийн нэг гэгддэг Валентино Гаравани 93 насандаа таалал төгсжээ. Энэхүү мэдээг Валентино Гаравани болон Жанкарло Жиамметтигийн сан даваа гарагт инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд "Тэрээр гэр бүлийнхээ хайраар хүрээлэгдсэн Ромын гэртээ амар тайван нас барсан" гэжээ.
Валентино 1932 оны тавдугаар сарын 11-нд Италийн Вогера хотод мэндэлжээ. 17 настайдаа Парист загварын сургуульд сурсныхаа дараа 1960 онд Ром хотноо бизнесийн хамтрагч болох Жанкарло Жиамметтигийн хамт “Валентино” загварын ордноо байгуулсан түүхтэй. Валентиногийн олон улс дахь алдрын замнал 1962 оноос эхэлсэн гэж болно. Тухайн үед Италийн загварын төв байсан Флоренци хотод загварын шоугаа зохион байгуулж, дээд зэргийн төвшинд дэндүү тансаг болж өнгөрсөн уг шоуны дараачаас эхлэн Валентиногийн нэр хүнд гайхалтай гэмээр манджээ.
Түүний тансаг бүтээлүүдийг Элизабет Тейлор, Нэнси Рейган, Шэрон Стоун, Жулиа Робертс, Гвинет Пэлтроу зэрэг алдартнууд өмсөж байсан юм. Мөн “Валентиногийн улаан” гэж нэрлэгддэг улаан өнгөтэй тансаг даашинзнууд урладаг байсан нь дэлхийн хувцас загварын ертөнцөд бараг хагас зууны турш гол сэдэв болсон юм. Энэ өнгө нь тус брэндийн хувьд маш чухал утгатай болсон тул 2007 онд Валентиногийн сүүлчийн цуглуулгын төгсгөлд бүх моделиуд улаан даашинзтай тайзнаа гарсан байдаг.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл үлдээх