Утаа арилсан гэх молиго модон чихэр

Ц.Чимэдцэеэ
2026-01-20

Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар “IQAir” олон улсын сайтад агаарын бохирдолтой хотуудын 16-д жагсаж байна.

Задалбал, PM2.5 буюу  1 куб метрт оногдох нарийн тоосонцрын хэмжээ 78.9 микрограмм байна. ДЭМБ-аас уг үзүүлэлт 75 микрограммаас давбал их бохирдолтой гэж үздэг.

Мөн PM10 буюу  нэг куб метр агаарт ногдох тоос  231.8 микрограмм байна. Энэ нь ДЭМБ-аас зөвлөсний дагуу их бохирдолтой ангилалд хамаарч байна.

Өчигдөрхөн тус эрэмбээр 126 улсаас 100-д жагссан тухай мэдээлэл цацагдаж, сүүлийн 15 жилийн хугацаанд гарч байгаагүй үр дүн хэмээн хөөрцөглөж, хагас коксон түлшнийхнийг сурталчлаад амжсан.

Гэтэл бодит байдал дээр тус эрэмбэ манай улсыг утаанаас салсан утга илэрхийлэх баттай баримт биш болохыг өнөөдрийн үзүүлэлтээс харж болно.

Нэгдүгээрт, өчигдөр Улаанбаатар хотод салхины хурд дунджаар 5 м\с байсан бол өнөөдөр 4 м\с хэмээн тэмдэглэгдсэн байна. Энэ хурд цаг минут болон байршлаас шалтгаалан өөрчлөгдөж болох ч хоногийн дунджаар дээрх байдлаар буурсан байна. Уг өөрчлөлтөөр агаарын бохирдлыг илтгэх нийтлэг элемент PM2.5 25–40 хувиар өсөх магадлалтай байдаг. Гэхдээ энэ нь салхи утаа үүсгэдэг биш харин идэвхтэй байх үедээ утааг сарниулж, тараан бөөгнөрөхөөс сэргийлдэгтэй холбоотой гэдгийг санах хэрэгтэй.

Хоёрдугаарт, манай улс хойгуур эрэмбэлэгдэх нь бусад улсуудын чанарын үзүүлэлт муудсантай холбоотой байх боломжтой.

Гуравдугаарт, өчигдрийн цаг агаарын мэдээнд өдөртөө цельсийн -27 градус байсан бол өнөөдөр -26 байна. Энэ нь температурын зөрүү маш бага байгаад зогсохгүй өнөөдөр 1 градусаар дулаан байгаа нөхцөлд галлагаа нэмэгдээгүй утга илэрхийлж байна.

Иймд энэ жил агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ оновчтой бөгөөд үр дүнтэй байгаа хэмээн дүгнэх боломжгүй.

Тэр дундаа зарим хэвлэл мэдээллийн байгууллага “сүүлийн 4 жил эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 80-100 дугаар байрт жагсаж байна” хэмээн мэдээлж байсан нь худал.

Өнгөрсөн оны 12 дугаар сард мөн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хагас коксон түлшийг нэвтрүүлснээр агаар бохирдуулагч гол бодисуудын агууламж тодорхой хувиар буурч, зохих үр дүнд хүрснийг онцолсон байдаг. Гэтэл утаа буурсан мэт боловч өөр төрлийн үнэр мэдрэгдэж, толгой өвдөх, тохиолдол нэмэгдсэн тухай Тэнгэр телевиз сурвалжилжээ.

Салхины эрчээс хамааран өдөр өдрөөр өөрчлөгддөг дээр дурдсан агаарын чанарын индекс зарим өдрүүдэд, зарим бүсүүдэд аюулын хэмжээнд байгааг agaar.mn сайтаас харахад л илхэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe