АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням албан томилолтоор ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нартай Москва хотноо уулзаж, газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх асуудалд гарсан бэрхшээлийг хэрхэн шийдэх талаар санал тавьж, харилцан тохиролцлоо.
ОХУ-ын талаас 2026 онд Монгол Улсад шатахууны нийлүүлэлтийг тасралтгүй, хэвийн хангах боломжтойг мэдэгдэж, экспортлогч компаниудын төлөвлөгөөнд Монголын ААН-ийн захиалгыг урьдчилан оруулах замаар нийлүүлэлтийг төлөвлөх боломжийг олгохоо илэрхийлжээ.
Мөн Монголын хил орчимд шатахууны агуулах нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлээс хэрэглэгчид хүрэх хүртэлх бүх процессыг хамтран зохион байгуулах “эко систем”-ийг бий болгох боломжийг судлахаар ярилцав.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням сүүлийн саруудад үүссэн шатахуун хомстолыг даван гарахад ОХУ-ын талын дэмжлэгийг өндрөөр үнэлж талархал илэрхийлэв.
ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв Монгол Улсад шатахууны нийлүүлэлтийг тогтвортой хангах, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхээ амлалаа.
Уулзалтад “Газпром”, “Роснефть”, "Нефтьхимисервис", "Татнефть", "Оросын төмөр зам" зэрэг компаниуд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.
Сэтгэгдэл үлдээх