Малайз улсад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн гэр бүлээс тус улсын Засгийн газрын эсрэг гаргасан иргэний нэхэмжлэлийг Малайз улсын Давж заалдах шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.
Тус шийдвэрээр Ш.Алтантуяагийн гэр бүлд учирсан хохирлыг Малайзын Засгийн газраар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг тус улсын Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгожээ. Ингэснээр Малайз улсын Засгийн газрыг хариуцлагаа чөлөөлж байгаа юм.
Иргэний хэргийн давж заалдах шатны шуух хурлын шийдвэр танилцуулах хуралдаанд иргэн С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч К.Сангит болон Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл оролцжээ. Өмнө нь 2022 онд Шах Аламын Дээд шүүх Ш.Алтантуяагийн гэр бүлд Малайзын Засгийн газраас таван сая ринггитийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан ч Засгийн газар нь тухайн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатанд хандсан юм.
С.Шаарийбуу охиныхоо амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг тогтоолгох, үнэн мөнийг ил болгохын төлөө сүүлийн 21 жилийн турш тасралтгүй хуулийн байгууллагуудаар явж, олон улсын байгууллагуудад хандаж ирсэн билээ. Шүүхийн шийдвэрийн дараа Ш.Алтантуяагийн гэр бүлийн зүгээс шударга ёс бүрэн тогтоогдоогүй хэмээн мэдэгдэж, Малайз улсын Дээд шүүхэд дахин гомдол гаргах боломжийг судалж буйгаа илэрхийлсэн талаар Малайзын хэвлэлүүд мэдээлжээ.
Харин талийгаачтай харилцаатай байсан Абдул Разак Багиндагийн давж заалдах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй бөгөөд хохирогчийн гэр бүлд 1.38 сая ринггит буюу 340,564 ам.долларыг төлөх ёстой гэж шийдвэрлэжээ. Хэрэг гарсан өдөр хэрэгтнүүд түүний гэрийн гаднаас Ш.Алтантуяаг хулгайлан авч явж байжээ.
Сэтгэгдэл үлдээх
ямар тууштай биширмээр хүн бэ
энх
Дэмжих үү?
0 0