Лааны гэрэлд хичээлээ хийгээд суудаг байсан үе эргэн иржээ

Д.Халиунаа
2026-01-21

Эцэг, эхчүүд хүүхдүүддээ “чиний насан дээр лааны гэрэлд хичээлээ хийгээд суудаг байлаа” гэж ярьцгаадаг байсан бол өнөөдөр бид тэр үе рүүгээ эргээд очжээ. Өчигдөр буюу мягмар гарагт дөрөвдүгээр ДЦС-д гэмтэл гарч, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас нийслэл хотын хэмжээнд тодорхой байршлуудад цахилгааны хэрэглээг цагийн хуваарийн дагуу хязгаарлаж эхэлсэн. Хүний наад захын хэрэглээ болох цахилгааныг нь тасалчихдаг, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй, ясан нь тодорхойгүй яг ийм нөхцөл байдлыг зөвхөн Монголоос л харж болох байх.

Энэ нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх болон ямар гэмтэл гарч, ямар арга хэмжээ авч байгаа талаар салбарын дэд сайдаас нь тодруулахаар оролцох байсан хэлэлцүүлэгт нь очтол "ирэхээхгүй болчихлоо" гэж байгаа юм. Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Бөөрөлжүүтийн цахилгаан станцын асуудал шийдэгдэхгүй бол хэд хоногтоо дахиад цахилгааны хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс энэ талаар тодруулахад “Эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжүүд маш ихээр хуучирч, гэмтсэний улмаас цахилгаан хязгаарлах ийм нөхцөл байдалд хүрээд байна. Энэ үнэхээр харамсалтай. Гэхдээ гарсан гэмтлийг сэргээхийн төлөө манай эрчим хүчний салбарынхан 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Иймд та бүхэн минь ойлгоорой” гэв. Одоо хэдүүлээ үүнийг нь ойлгоод, хүлээгээд л сууж байхаас өөр сонголтгүй юм байна. Үүнээс харахад манай улсын хөгжил урагшлаад байна уу, ухраад байна уу?

Өнөөдрийн цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршилтай танилцаарай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe