Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй Засгийн газрын гишүүд оролцож, дэлхийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, технологийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлж байна.
Энэ удаагийн чуулганы хүрээнд Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Т.Доржханд нарын өгсөн ярилцлагаас Давост Монгол Улсад хандаж буй бодит сонирхол, нээгдэж буй боломж тодорхой харагдаж байна.
Хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн шинэ шат
Давосын эдийн засгийн форум нь дэлхийн улс төр, эдийн засгийн нөлөө бүхий улс төрч, томоохон хөрөнгө оруулалтын сангууд нэг дор цуглардгаараа онцлог болохыг Сангийн сайд Б.Жавхлан онцолж байна.
Б.Жавхлан:
Өмнө нь чуулга уулзалтад оролцогчидтой уулзах боломжийг эрэлхийлдэг байсан одоо захиалгатай уулзалтуудад оролцдог болсон. Монголыг сонирхож, зах зээлийг нь судалсан хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна. Санхүүгийн зах зээлийн хувьд Монгол Улсад гаднын банк, хөрөнгө оруулагчдыг татан оруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдсан хэвээр байгаа. Өрсөлдөөний эцсийн дүнд хэрэглэгч хожно. Хямд хүүтэй, чанартай санхүүгийн бүтээгдэхүүн бий болох ёстой. Үүнд төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.
Мөн ковидын дараах дэлхийн геополитик, эдийн засгийн тодорхойгүй байдал, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн эрчимтэй хөгжил нь хөрөнгө оруулалтын урсгалыг дахин хуваарилж, Ази тивийг төв болгож буйг ч дурдлаа.
Эрчим хүч ба технологийн ирээдүй
Давосын чуулганы гол сэдвүүдийн нэг нь эрчим хүчний салбарын ирээдүй болохыг Шадар сайд Т.Доржхандын онцлов. Хиймэл оюун ухааны хэрэглээ огцом өсөж, дата төвүүдийн эрчим хүчний хэрэгцээ дэлхий даяар 10 дахин нэмэгдсэн нь эрчим хүч, түүнд шаардлагатай түүхий эдийн эрэлтийг өсгөж байгаа аж.
Т.Доржханд:
Зэс, газрын ховор элементийн эрэлт тогтвортой өсөх хандлагатай байгаа нь эдгээр нөөцтэй Монгол Улсад бодит давуу тал бий болгож байна. Хэрэв зөв бодлого, тогтвортой орчныг бүрдүүлж чадвал ирэх 20 жилд эдийн засгийн өсөлт бий болгох бүрэн боломжтой. Мөн Монгол Улсын эрчим хүчний салбар 20 орчим жилээр хоцорч, хуучин станцуудын найдвартай байдал алдагдсан нөхцөлд сэргээгдэх эрчим хүч, дата төвд суурилсан шийдэл хамгийн хурдан гарц. Хүйтэн, хуурай уур амьсгал, газар хөдлөлтгүй, энх тайван орчин зэрэг нь Монгол Улсыг дата төв, эрчим хүч экспортлогч улс болох боломжтойг харуулж буй юм.
Дэлхийн чиг хандлага
Давосын чуулганд оролцсон олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсаас тогтвортой бодлого, ойлголцол хүлээж буй талаар хоёр сайд онцолсон.
“Засгийн газрын бодлого тогтвортой байж, иргэдтэйгээ ойлголцож чадвал санхүүжилт хийхэд бэлэн” гэдгээ томоохон хөрөнгө оруулагчид илэрхийлж буйг Т.Доржханд сайд дурдсан бол Б.Жавхлан сайд Монгол Улс бүс нутагтаа амжилттай тоглогч болох бүрэн боломж байгааг тэмдэглэв.
Сэтгүүлчийн хувьд энэ удаагийн чуулга уулзалт олон улсад хөрөнгө оруулалт татах бодит сонирхол нэмэгдэж, эрчим хүч, дата төв, технологид суурилсан өсөлтийн боломж тодорч, санхүүгийн зах зээлийг нээх, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлага улам тодорхой болж байгааг онцлох хэрэгтэй.
Эдгээр боломжийг бодлогоор зөв ашиглаж чадвал Монгол Улс ойрын жилүүдэд бүс нутагтаа шинэ байр суурь эзлэх нөхцөл бүрдэж байна.
Сэтгэгдэл үлдээх