С.Наранцогт: 2026 онд тодорхойгүй байдал үргэлжлэх тул бодлогын хүүг яаран буулгахгүй

Г.Энэбиш
2026-01-22

Дэлхийн эдийн засгийн форумын хүрээнд Давос хотноо ажиллаж буй Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Төв банкны бодлого, санхүүгийн салбарын тогтвортой байдлын талаар байр сууриа илэрхийллээ.

С.Наранцогт:

2026 онд дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжлэх хандлагатай байгаа тул Төв банк болон хөрөнгө оруулагчид болгоомжтой хандаж байна. Ийм нөхцөлд бодлогын хүүг яаран буулгах төлөвгүй байна. Монголбанк олон улсын томоохон санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа. Тухайлбал, JP Morgan банктай уулзалт хийж, Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтыг удирдах, техникийн чадавхийг сайжруулах, Монголын банкуудын гадаад төлбөр тооцооны боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцэж байгаа.

Мөн санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк өнгөрсөн хугацаанд заавал байлгах нөөцийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авсан нь зөв шийдвэр байсан гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Нүүрсний үнийн унаснаас үүдэн экспортын зарим алдагдал гарсан ч зэсийн орлогоор нөхөж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 6.4 хувьд хүрсэн нь эдийн засаг тэсвэрлэх чадвартай байгааг харуулж байна гэв.

Цаашид түүхий эдийн үнийн уналт, гэнэтийн эрсдэлийг давах чадвартай эдийн засгийг бүрдүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад Төв банк анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe