Уржигдраас эхлэн Улаанбаатар хотод хэсэгчлэн цахилгаан хязгаарлах болсон.
Мөн долоо хүрэхгүй хоногийн өмнө Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх гүйцэтгэл хангалтгүй, хугацаа нь дууссан “Зөвлөх үйлчилгээний” гэрээг хууль зөрчин сунгаж, үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллар буюу 9 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, дотоодын нэг компанид эдийн засгийн давуу байдал олгосон.
Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Б.Насантогтох Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт баригдах уул уурхайн баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах хүсэлт ирүүлсэн өдөр нь цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг баталсан. Дараа нь өөрийн эхнэрийн үүсгэн байгуулсан нэр бүхий аж ахуйн нэгжээр “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулж өөртөө давуу байдал бий болгосон ба гэрээс нь 350 орчим сая төгрөг АТГ хураан авсан юм.
Үүнтэй холбоотойгоор ДЦС-3 ТӨХК-ийн Засварын инженер Э.Балдандорж эрчим хүчний салбарын асуудлаар үзэл бодлоо илэрхийллээ.
Олон нийт түүнийг Комедиан Равиоли гэдгээр эчнээ таних ч ОХУ-д Турбины инженер мэргэжил эзэмшин эх орондоо мэргэжлээрээ ажиллаж байгаад одоо мөн хилийн чанадад тэтгэлгээр мэргэжлээ ахиулан суралцаж буй юм.
Залуу инженерийн хувьд салбарынхаа асуудлыг хэрхэн харж дүгнэж буй талаараа Балдко (Baldko) нэртэй цахим хаягтаа дараах байдлаар ярьжээ.
Манай нийгэм ямар аймар тэнцвэрээ алдаа вэ?
Эрчим хүчний салбарын дарга нар авлига авч байгаад баригджээ. Би гурван жил инженерээр ажилласан. Сарын цалин 2.7 сая төгрөг байсан. Хүн өдөр шөнөгүй хар ажил хийгээд ийм цалин авч байхад нөгөө хүмүүс зүгээр гарын үсгээрээ 300 сая авч байна. Энэ бол эрчим хүчний салбарт хулгай хийгээд баригдсан эхний тохиолдол биш. Нэг хүн хулгай хийгээд л байхгүй болчихдог.
Яагаад эрчим хүчний сайдыг шалгаж үзэхгүй байгаа юм бэ?
Энэ хүн “Хурд” гэдэг том барилгын компанитай, хамгийн их барилга барьдаг. Тэр барилга болгон дулаан, цахилгааны шугам татуулж байгаа. Энэ чинь сонирхлын зөрчил биш юм уу? Хараад байхад доод талын захирлууд солигдоод, Чойжоо сайд л үлдэх юм. Энэ хүн юу хийсэн болоод одоо хүртэл байгаад байгаа юм бэ.
Ташрамд дурдахад, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд, "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно” хэмээн тусгасан байдаг.
Монголын байгаа байдал үнэхээр хэцүү.
ОХУ-аас эрчим хүчний хамааралтай. Өвлийн хүйтэн тог тасардаг. Дулаан шугам хэзээ задрахыг бид мэдэхгүй. Инженерүүд дарга нартаа энийг засуулах хэрэгтэй гэхээр шүлс шиг жоохон мөнгө тавина. Түүнд нь тааруулж засахаар хүмүүст хараалгаад байж байдаг.
Доод талын хүмүүс хулгай хийгээд байж байхад дээд талын хүмүүс мэдэхгүй байх боломжтой юу?
Энэ салбарын дор хаяж 17 мянган ажилтан хулгайчдыг хараад үнэхээр хэцүү байгаа. Эрчим хүчний сайдаа хэзээ солих вэ, яагаад гайгүй хүн томилоод, салбараа босгочихож болохгүй байна вэ?
Сэтгэгдэл үлдээх